Гэрлэлтээ батлуулалгүй хамтран амьдрах талаар Библид юу гэж байдаг вэ?
Библид ингэж байдаг
«Садар самуун явдлыг цээрлэ» гэж Библид байдгийг үзвэл Бурхан юу хүсдэгийг мэдэж болно (1 Тесалоник 4:3). Библид гардаг «Садар самуун» гэдэг үгээр завхайрах, ижил хүйстэнтэйгээ явалдах, гэр бүл болоогүй байж бэлгийн харьцаанд орохыг хэлдэг.
Хосуудыг хууль ёсоор гэрлэсэн байхыг Бурхан яагаад чухал гэж үздэг вэ?
Гэрлэлтийг анх Бурхан санаачилсан. Анхны эрэгтэй эмэгтэйг Бурхан гэр бүл болгож нийлүүлсэн (Эхлэл 2:22–24). Бурхан хос хоёрыг гэрлэлтийн тангараг өргөж хамт амьдраасай гэж хүсдэг.
Хүнд хамгийн сайн нь юу болохыг Бурхан мэддэг. Гэр бүл бүхэлдээ тайван аюулгүй байхыг бодолцож Бурхан гэр бүлийн холбоог насан туршийнх байхаар санаачилжээ. Үүнийг нэг энгийн жишээгээр тайлбарлъя. Та нэг тавилга угсрах гэж байна. Үйлдвэрээс гаргасан зааврыг дагавал зөв угсарч чадна. Үүний адилаар, Бурхан биднийг гэр бүлээ сайн сайхан авч яваасай гээд заавар удирдамж өгсөн. Бурхны зааснаар явбал ач тусыг нь заавал хүртэнэ (Исаиа 48:17, 18).
Эхнэр нөхөр биш байж бэлгийн харьцаанд орвол төвөгтэй асуудал үүснэ. Жишээ нь хүсээгүй жирэмсэлнэ, бэлгийн замын халдварт өвчин тусна, сэтгэл санаа хямарна.
Бурхан эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хүүхэдтэй болох чадвартайгаар бүтээсэн. Бурхан амийг ариун гэж үздэг. Нөхөн үржихүйн чадвар бол Бурхны өгсөн бэлэг юм. Бурхан энэ бэлгийг гэрлэсэн эрэгтэй эмэгтэй хоёрыг л хэрэглээсэй гэж өгсөн. Тэгдэг бол Бурхны санаачилсан гэр бүлийг хүндэтгэж байгаа хэрэг юм (Еврей 13:4).
Гэр бүл болохоосоо өмнө хоорондоо таарах эсэхээ үзэх гэж хамт амьдарч болох уу?
Жаргалтай гэр бүлийг цогцлоохын тулд гэрлэлтийн тангараг өргөлгүй нэг хэсэг туршилтын журмаар хамт амьдрах нь ухаалаг хэрэг биш. Гэрлэлтийн тангараг өргөсөн хоёрын аль аль нь түүнийгээ санаж, биелүүлэх гэж мөн асуудлаа хамтдаа шийдэх гэж хичээдэг. a Энэ нь гэр бүлийг улам бат бөх болгодог (Матай 19:6).
Яавал бат бөх гэр бүлийг цогцлоох вэ?
Гэрлээд дандаа сайхан байна гэж байхгүй. Гэхдээ эхнэр нөхөр Библид байдаг зөвлөгөөг хэрэгжүүлбэл гэр бүлээ сайн сайхан авч явах боломжтой. Библиэс зарим зөвлөгөөг авч үзье.
Ханийнхаа хэрэгцээ шаардлагыг өөрийнхөөсөө илүүд үзэх (1 Коринт 7:3–5; Филиппой 2:3, 4).
Нэг нэгнээ хайрлаж, хүндэтгэх (Эфэс 5:25, 33).
Үг хэлээ захирах (Сургаалт үгс 12:18).
Тэвчээртэй байж, дуртайяа уучлах (Колосай 3:13, 14).
a «Гэр бүлээ сайхан авч явах—Үнэнч байх» гэсэн өгүүллийг үзнэ үү.