Есүсийг яагаад аврагч гэдэг вэ?
Библид юу гэж байдаг вэ?
Есүс амиа золиос болгон өгснөөрөө үнэнч хүмүүсийн хувьд аврагч болсон (Матай 20:28). Тийм ч учраас Библид «Бурхан ертөнцийг авруулахаар» Есүсийг илгээсэн гэж байдаг (1 Ёохан 4:14). Бас «Аврагдъя гэвэл бид Бурхнаас эрх мэдэл авсан Есүс Христэд итгэх ёстой бөгөөд өөр аврагч дэлхий дээр байхгүйг мэдтүгэй» гэж бий (Үйлс 4:12).
Өөрт нь итгэдгээ үйл хэргээрээ харуулдаг «бүх хүний өмнөөс» Есүс нас барсан (Еврей 2:9; Ёохан 3:16). Дараа нь «Бурхан түүнийг амилуулж» тэнгэрийн биетэй болгосон. Тэгээд Есүс тэнгэр лүү буцсан (Үйлс 3:15). Тэрээр «өөрийнх нь нэрээр Бурханд залбирдаг хүмүүсийг жинхэнэ ёсоор аврах чадалтай бөгөөд тэдний төлөө Бурхнаас тусламж гуйхын тулд мөнхөд оршдог» (Еврей 7:25).
Есүс бидний төлөө яагаад Бурхнаас тусламж гуйдаг вэ?
Бүх хүн нүгэлтэй (Ром 3:23). Нүглээс болж хүн болон Бурхны хооронд хана боссон. Бас хүн үхдэг болсон (Ром 6:23). Харин Есүсийн золиост итгэдэг хүмүүсийн хувьд тэрээр «өмгөөлөгч» нь болдог (1 Ёохан 2:1, зүүлт). Өөрөөр хэлбэл тэдний өмнөөс Бурхнаас зуучлан гуйдаг. Залбирлыг нь сонсож, нүглийг нь золиостоо үндэслэн уучлахыг гуйдаг (Матай 1:21; Ром 8:34). Энэ нь Бурхны хүсэл таалалтай нийцдэг учраас тэрээр Хүүгийнхээ гуйлтыг дуртайяа сонсож, биелүүлдэг. Бурхан «хүн төрөлхтнийг ... авруулахын тулд Хүүгээ дэлхий рүү илгээсэн» (Ёохан 3:17).
Есүст итгэдэг л бол аврагдах уу?
Үгүй. Аврагдахын тулд Есүст итгэх ёстой нь үнэн. Гэхдээ итгэдэг байх нь хангалтгүй (Үйлс 16:30, 31). «Амьгүй бие үхмэл байдгийн адил үйлсгүй итгэл үхмэл юм» гэж Библид бий (Яаков 2:26). Тийм учраас аврагдахын тулд дараах алхмуудыг хийх ёстой.
Есүс болон Есүсийн Эцэг Еховагийн тухай сурч мэдэх (Ёохан 17:3).
Ехова Есүс хоёрт итгэдэг болох (Ёохан 12:44; 14:1).
Ехова Есүс хоёрын хууль тушаалыг сахиж итгэдгээ үйл хэргээрээ харуулах (Лук 6:46; 1 Ёохан 2:17). Есүс: «Намайг Эзэн минь, Эзэн минь гэсэн болгон» биш, харин «тэнгэрт байдаг миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн л» аврагдана гэж хэлсэн (Матай 7:21).
Хэцүү бэрхийг туулсан ч итгэлээ үйл хэргээрээ харуулах. Есүс: «Эцэс хүртэл тэвчсэн хүн аврагдана» гэжээ (Матай 24:13).