Skip to content

«Шинэ ертөнц орчуулга» үнэхээр үнэн зөв үү?

«Шинэ ертөнц орчуулга» үнэхээр үнэн зөв үү?

 «Шинэ ертөнц орчуулга»-ын эхний хэсгийг 1950 онд гаргаж байсан билээ. Энэхүү орчуулга Библийн бусад орчуулгаас ялгаатай учир зарим хүн «Шинэ ертөнц орчуулга» a-ыг үнэн зөв орчуулсан эсэх талаар санал шүүмжлэлээ ирүүлсэн. Бусад орчуулгаас ялгардаг гол хүчин зүйлүүдийг дор жагсаалаа:

  •   Найдвартай. «Шинэ ертөнц орчуулга»-ыг хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээний материал болон эртний хамгийн найдвартай гар бичмэлүүд дээр үндэслэн гаргасан. Харин Жеймс хааны 1611 оны орчуулгын («King James Version») үндэс болсон гар бичмэлүүд нь тийм ч найдвартай биш байв. Бас «Шинэ ертөнц орчуулга»-ын үндэс болсон гар бичмэлүүд шиг эртнийх байгаагүй.

  •   Үнэн зөв. Бурхны бичүүлсэн үгийг анх ямар байсан яг тэр чигээр нь «Шинэ ертөнц орчуулга»-д буулгахыг зорьсон (2 Тимот 3:16). Харин Библийг орчуулсан олон орчуулагч Бурхны үгийг үнэн зөвөөр нь буулгахаас илүүтэй хүний үзэл баримтлалыг тусгасан байдаг нь харамсалтай. Жишээ нь тэд Бурхны оноосон нэрийг Эзэн, Бурхан гэх мэтийн цолоор орлуулсан байдаг.

  •   Үгчилсэн нь. Үг хэллэг нь ойлгомжгүй биш бол, мөн эх бичвэрт буй утга санааг бүрхэгдүүлээгүй л бол «Шинэ ертөнц орчуулга»-ыг аль болох үгчилж орчуулахыг хичээсэн. Үүгээрээ найруулан өөрчилсөн бусад орчуулгаас ялгаатай. Найруулан өөрчилсөн орчуулгад хүний үзэл бодлыг шингээсэн байдаг бөгөөд чухал санаануудыг хассан байдаг.

«Шинэ ертөнц орчуулга» болон бусад орчуулгын ялгаа:

 Хассан ном. Ромын католик, үнэн алдартны сүмүүд апокриф хэмээн нэрлэгддэг номнуудыг Библидээ нэмж оруулсан байдаг. Гэхдээ эдгээр ном иудейчүүдийн эх бичвэрт байдаггүй. Тэгээд ч «Бурхан иудейчүүдэд мэдээ өгсөн юм» гэж Библид байдгийг онцлууштай (Ром 3:1, 2). Тиймээс «Шинэ ертөнц орчуулга» болон орчин үеийн өөр олон орчуулгад апокриф номнуудыг оруулаагүй нь зүйн хэрэг юм.

 Хассан зүйл. Зарим орчуулгад Библийн эртний гар бичмэлүүдэд байдаггүй зүйл, үг хэллэгийг нэмж оруулсан байдаг. Харин «Шинэ ертөнц орчуулга»-д ингэж нэмж оруулаагүй. Дээрх нэмэлт санаануудыг орчин үеийн олон орчуулгад хассанаас гадна эдгээр нэмэлт санаа нь хамгийн эртний гар бичмэлүүдтэй тохирдоггүй болохыг орчуулагчид нь хүлээн зөвшөөрчээ. b

 Өөр үг хэллэг. Үгчилсэн орчуулга заримдаа ойлгомжгүй, санааг гуйвуулсан байдаг. Жишээлбэл Матай 5:3-т байдаг Есүсийн хэлсэн үгийг голдуу «Сүнсэн дотроо ядуу хүмүүс ивээлтэй еэ!» хэмээн орчуулдаг («English Standard Version»; «King James Version»; «New International Version»). «Сүнсэн дотроо ядуу» гэж үгчлэн орчуулсан нь утга санааг бүрхэгдүүлж, Есүсийг даруу эсвэл ядуу байхыг онцолсон гэсэн бодол төрүүлдэг. Гэтэл Бурхнаар удирдуулах хэрэгтэйгээ ухамсарласан цагт л хүн жинхэнэ ёсоор жаргалтай амьдардгийг Есүс онцолсон ажээ. «Шинэ ертөнц орчуулга»-д энэ зүйлийн утгыг үнэн зөв гаргаж «Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг хүн» хэмээн буулгасан (Матай 5:3). c

«Шинэ ертөнц орчуулга»-ын талаарх Гэрч биш эрдэмтдийн хэлсэн сэтгэгдэл

  •   Библийн орчуулагч, эрдэмтэн Эдгар Жонсон Гүүдспид 1950 оны 12 дугаар сарын 8-нд бичсэн захидалдаа «Грек Судрын Шинэ ертөнц орчуулга»-ын талаар ийн бичжээ. «Та бүхэн сайн мэдээг дэлхий дахинд хэр өргөн хүрээтэй тунхаглаж байгааг би сонирхлоо. Мөн Библийг баригдмал биш, санааг нь тод гаргаж, амьд орчуулсан нь надад их таалагдлаа. Маш нухацтай, нямбай судалгаа хийсэн нь харагдаж байна».

    Эдгар Жонсон Гүүдспид

  •   Чикагогийн их сургуулийн профессор Аалэн Вийкгрэн «Шинэ ертөнц орчуулга»-ыг орчин үеийн үг хэллэгээр орчуулсан Библийн нэг жишээ болгож хэлжээ. Бусад орчуулгыг дуурайлгүй «бие дааж сайтар судалгаа хийсэн» нь олон зүйл дээр харагддагийг ч хэлжээ («The Interpreter’s Bible», 1-р боть, 99-р хуудас).

  •   Британийн Библи шүүмжлэгч Александр Тоомсон «Грек Судрын Шинэ ертөнц орчуулга»-ын тухай ийн бичжээ. «Энэ орчуулга бол чадварлаг эрдэмтдийн бүтээл болох нь харагдаж байна. Тэд грек эх бичигт байгаа санааг англиар яг байгаагаар нь буулгахын тулд чадах бүхнээ хийсэн» («The Differentiator», 1952 оны 4-р сар, 52-р хуудас).

  •   Зохиогч Чарлз Франсис Поттэр «Шинэ ертөнц орчуулга»-ыг уншаад зарим зүйл нь сонин санагдсан ч дараах үгийг хэлжээ. «Орчуулагчид нь нэрээ бичээгүй ч, грек болон еврей Судрын хамгийн найдвартай гар бичмэлүүдийг ашиглан ур чадвар, оюун ухаанаа дайчлан орчуулжээ» («The Faiths Men Live By», 300-р хуудас).

  •   Роберт Маккой «Шинэ ертөнц орчуулга»-ыг уншаад гайхахын хажуугаар ихэд үнэлжээ. Тэрээр: «[Еховагийн Гэрчүүдийн] байгууллагын эрдэмтэд бол Библийг орчуулахад гардаг янз бүрийн асуудлыг ухаалгаар шийдэх чадвартайг “Шинэ Гэрээ”-ний орчуулга баталдаг» хэмээн дүгнэлтийнхээ төгсгөлд бичжээ («Andover Newton Quarterly», 1963 оны 1-р сар, 31-р хуудас).

  •   Самуел Маклин Гилмур гэдэг профессор «Шинэ ертөнц орчуулга»-ыг уншаад зарим зүйлтэй нь санал нийлэхгүй байсан ч орчуулагчид нь «грек хэлийг гаргууд эзэмшсэнийг» зөвшөөрчээ («Andover Newton Quarterly», 1966 оны 9-р сар, 26-р хуудас).

  •   Дэд профессор Томас Вийнтр, «Грек Судрын хадмал орчуулга» («Kingdom Interlinear Translation of the Greek Scriptures») дотор байгаа «Шинэ ертөнц орчуулга»-ыг судлаад дараах дүгнэлтэд хүрчээ. Тэрээр: «Нэрээ бичээгүй орчуулгын хороо орчин цагийн үг хэллэгийг ашиглан Библийг эхнээс нь дуустал үнэн зөв орчуулжээ» гэж бичжээ («The Classical Journal, 1974 оны 4, 5-р сар, 376-р хуудас).

  •   Еврей хэл судлаач, профессор Бенжамин Кедар-Копфштайн гэдэг израйл хүн 1989 онд ийн хэлжээ. «Би Еврей Судар ба түүний орчуулгуудтай холбоотой хэл шинжлэлийн судалгааны ажил хийхдээ “Шинэ ертөнц орчуулга” гэж нэршсэн англи Библийг ихэнхдээ ашигладаг. Үүнийг ашиглах болгонд орчуулагчид нь эх бичвэрийн санааг үнэн зөв гаргахын тулд хичээж мэрийснийг улам сайн ойлгодог».

  •   Шашин судлалын дэд профессор Жейсон Дэйвид Бедүн англи хэлээрх алдартай есөн орчуулгыг харьцуулж судлаад ийн бичжээ. «Тэдгээр орчуулгаас “Шинэ ертөнц орчуулга” хамгийн зөв нь байлаа». Энгийн ардууд болон Библи судлаачид «Шинэ ертөнц орчуулга»-ыг Гэрчүүд өөрсдийнхөө итгэл үнэмшилд тохируулан гаргасан учраас бусад Библиэс зөрдөг гэж үздэг. Гэлээ ч Бедүн: «“Шинэ ертөнц орчуулга”-ыг үгчлэн, байгаагаар нь илүү үнэн зөв орчуулахыг хичээсэн учраас бусад Библиэс зөрүүтэй санагдаж байгаа юм» гэж тайлбарлажээ («Truth in Translation», 163, 165-р хуудас)

a Эдгээр санал шүүмжлэл 2013 оны шинэчилсэн «Шинэ ертөнц орчуулга»-аас өмнөх англи хэлээр гарсан хувилбаруудад хамаарна.

b «Олон улсын Библийн Шинэчилсэн Орчуулга» («New International Version») болон «Католик Шинэ Иерусалим Библи» («Catholic New Jerusalem Bible»)-ийг жишээ болгон авч үзье. Нэмж оруулсан зүйлүүд нь: Матай 17:21; 18:11; 23:14; Марк 7:16; 9:44, 46; 11:26; 15:28; Лук 17:36; 23:17; Ёохан 5:4; Үйлс 8:37; 15:34; 24:7; 28:29; Ром 16:24 юм. «Жеймс хааны орчуулга» («King James Version»), «Дуэ Реймсийн орчуулга» («Douay-Rheims Version»)-ын 1 Ёохан 5:7, 8-д гурвалын сургаалыг нэмж оруулжээ. Үүнийг Библи бичигдсэнээс хойш хэдэн зуун жилийн дараа нэмсэн байна.

c Бас Ж. Б. Филипсийн орчуулгад «Бурхнаас хамааралтай байх хэрэгтэйгээ ойлгодог хүмүүс» гэж Есүсийн хэлснийг буулгасан байхад «Орчуулагчийн Шинэ Гэрээ» («The Translator’s New Testament»)-нд «сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг хүмүүс» гэж буулгажээ.