Ёоханы бичсэн сайн мэдээ 12:1–50
12 Дээгүүр өнгөрөх баяраас зургаан өдрийн өмнө Есүс Лазарын суудаг Бетан тосгонд ирэв. Лазар бол Есүсийн амилуулсан хүн юм.
2 Тэд Есүст зориулж зоог бэлдсэн бөгөөд Марта тэдэнд үйлчилж байлаа. Зоог барьсан хүмүүсийн дунд Лазар байв.
3 Тэгтэл Мариа их үнэтэй, цэвэр нардын* нэг литра* анхилуун үнэрт тосоор Есүсийн хөлийг тослоод үсээрээ арчив. Гэр нь тосны анхилам үнэрээр дүүрлээ.
4 Гэтэл Есүсийг барьж өгөх гэж байсан шавь Искариот Юудас:
5 «Энэ анхилуун үнэрт тосыг 300 денараар* зараад мөнгийг нь ядууст өгч болох байсан шүү дээ» гэв.
6 Юудас ядуусыг бодсондоо бус, харин хулгай хийдэг байсан учир ингэж хэлжээ. Тэр мөнгөний хайрцгийг хариуцдаг байсан бөгөөд хайрцагнаас мөнгө хулгайлдаг байв.
7 Тэгэхэд Есүс: «Түүнд бүү саад бол. Намайг оршуулахад бэлдэж байгаа юм.
8 Ядуус та нартай үргэлж хамт байна. Харин би та нартай үргэлж хамт байхгүй» гэж хэлэв.
9 Олон иудей хүн Есүсийг тэнд байгааг мэдээд зөвхөн түүнийг бус, бас түүний амилуулсан Лазарыг харахаар иржээ.
10 Ахлах тахилчид Лазарыг ч алахаар хуйвалдлаа.
11 Учир нь Лазарыг харахаар Бетанд ирсэн олон иудей хүн Есүст итгэдэг болж байв.
12 Маргааш нь баяр тэмдэглэхээр Иерусалимд ирсэн үлэмж олон хүн Есүсийн ирж явааг дуулжээ.
13 Тиймээс далдуу модны найлзуур авч, угтахаар гарцгаав. Тэд: «Авраач гэж залбиръя!* Нэрийнх нь өмнөөс ирж байгаа нэгэн буюу Израйлын Хааныг Ехова* ивээх болтугай!» гэж хашхирч байлаа.
14 Сударт бичсэн ёсоор Есүс залуу илжиг олж унав.
15 Сударт «Сион охин*, бүү ай. Хаан чинь илжигний дудран унаад ирж байна» хэмээсэн байжээ.
16 Энэ бүхнийг шавь нар эхэндээ ойлгоогүй боловч Есүст тохиолдсон бүхэн түүний талаар бичсэнтэй яв цав нийцэж байсныг алдаршихад нь ойлгосон юм.
17 Лазарыг дуудаж, булшнаас гараад ир гэж хэлээд амилуулахыг нь харсан хүмүүс Есүсийн тухай ярьж байв.
18 Тиймээс үйлдсэн гайхамшгийнх нь тухай сонссон олон хүн түүнийг угтахаар явжээ.
19 Тэгтэл фарисайчууд: «Бидний төлөвлөгөө бүтэлгүйтэж байгааг харахгүй байна уу? Бүх хүн түүнийг дагадаг боллоо» гэж ярилцжээ.
20 Бурхан шүтэхээр баярт ирсэн хүмүүсийн дунд хэдэн грек хүн байжээ.
21 Тэд Галилын Бетсайда хотын Филипээс «Эрхэм ээ, биднийг Есүстэй уулзуулж өгөөч» гэж гуйхад
22 тэрээр энэ тухай Андрейд хэлэв. Тэгээд Андрей Филип хоёр Есүст дуулгажээ.
23 Есүс тэдэнд «Хүний Хүү алдарших цаг болсон.
24 Би та нарт батлан хэлье. Буудайн үр газар унаад үхэхгүй бол үр ганцаараа байна. Харин үхвэл их буудай ургана.
25 Амиа хайрладаг хүн амиа алддаг. Харин энэ ертөнцөд амиа алдахаас буцдаггүй* хүн мөнх амьтай болохын тулд амиа хамгаалж байгаа хэрэг.
26 Надад үйлчилье гэвэл намайг дага. Би хаана байна, тэнд үйлчлэгч минь байна. Надад үйлчилдэг хүнийг Эцэг ивээнэ.
27 Би шаналж байна. Тэглээ гээд юу хэлэх билээ? Эцэг минь, болох гэж байгаа бүхнээс* намайг авраач. Гэхдээ би үүний л төлөө ирсэн шүү дээ.
28 Эцэг минь, нэрээ алдаршуулаач» гэж хэлэв. Тэгтэл «Би нэрээ алдаршуулсан. Дахиж алдаршуулна» гэх дуу тэнгэрээс гарлаа.
29 Тэнд байсан хүмүүс энэ дууг сонсоод тэнгэр дуугарлаа гэхэд бусад нь: «Тэнгэрийн элч түүнтэй ярилаа» гэлцэв.
30 Есүс: «Энэ дуу миний төлөө биш, та нарын төлөө гарсан юм.
31 Бурхан ертөнцийг шүүж байгаа бөгөөд захирагчийг нь зайлуулна.
32 Харин би дэлхийгээс өргөгдвөл янз янзын хүнийг өөртөө татна» хэмээв.
33 Ийн хэлсэн нь чухам яаж үхэхээ хэлсэн хэрэг байжээ.
34 Тэгтэл олон түмэн: «Христ үүрд мөнхөд байна гэж бид Хуулиас мэдэж авсан. Гэтэл та хүний Хүү өргөгдөнө гэж яаж хэлнэ вэ? Таны яриад байгаа хүний Хүү гэж хэн юм бэ?» гэлээ.
35 Тиймээс Есүс тэдэнд «Гэрэл та нарын дунд хоромхон зуур байна. Харанхуйд автахгүйн тулд гэрлийг байгаа дээр нь явагтун. Харанхуйд яваа хүн хаашаа явж байгаагаа мэддэггүй.
36 Гэрлийг байгаа дээр нь гэрэлд итгэгтүн. Тэгвэл та нар гэрлийн хүүхдүүд болно» гэж хэллээ.
Ийн хэлээд Есүс явж, тэднээс нуугдав.
37 Есүс тэдний төлөө олон гайхамшиг үйлдсэн боловч тэд түүнд итгэхгүй байлаа.
38 Ийнхүү «Ехова*, биднээс сонссон зүйлд хэн итгэсэн бэ? Ехова* хүчээ* хэнд илчилсэн бэ?» хэмээсэн зөнч Исаиагийн үг биелсэн билээ.
39 Итгээгүйнх нь учрыг Исаиа бас ийн хэлжээ.
40 «Нүдээрээ битгий хараасай, зүрх сэтгэлээрээ бүү ойлгоосой, эргэж надаар бүү эдгээлгээсэй гэсэндээ тэднийг сохор, хатуу зүрхтэй болоход тэрээр саад хийгээгүй» хэмээсэн байдаг.
41 Исаиа Христийн алдрыг үзсэн учраас түүний талаар ийн хэлсэн юм.
42 Гэхдээ олон захирагч Есүст итгэдэг болсон ч фарисайчуудаас айсандаа, синагогоос хөөгдөх вий гэсэндээ Есүст итгэдгээ нуудаг байв.
43 Учир нь тэд хүний таалалд нийцүүлэхийг Бурхны таалалд нийцүүлэхээс илүү чухалд үзжээ.
44 Есүс чанга дуугаар «Надад итгэдэг хүн зөвхөн надад бус, намайг явуулсан нэгэнд бас итгэж байгаа хэрэг.
45 Намайг хардаг хүн зөвхөн намайг бус, намайг явуулсан нэгнийг бас харж байгаа хэрэг.
46 Надад итгэдэг хэнийг ч харанхуйд байлгахгүйн тулд би гэрэл болж ертөнцөд ирсэн.
47 Гэхдээ үгийг минь сонсдог ч дагадаггүй хүнийг би шүүхгүй. Яагаад гэвэл би ертөнцийг шүүхээр биш, харин аврахаар ирсэн.
48 Намайг ойшоодоггүй, миний үгийг авдаггүй хүнийг шүүх нэгэн бий. Хэлсэн үгэнд минь үндэслэж эцсийн өдөр тийм хүнийг шүүнэ.
49 Учир нь би санаан зоргоор ярьдаггүй. Харин намайг явуулсан Эцэг юу тушаасныг би хэлдэг.
50 Тушаалыг нь биелүүлбэл мөнх амьдарна гэдгийг би мэддэг. Тиймээс би юу ч хэлсэн, Эцгийн тушааснаар л хэлдэг» гэж өгүүлэв.
Зүүлт
^ анхилуун үнэрт ургамал
^ 327 грамм
^ 1 денар нь 1 өдрийн ажлын хөлс
^ Үгч. «Хосанна»
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгч. «амиа үзэн яддаг»
^ Үгч. «энэ цагаас»
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгч. «мутраа»