Дэд хууль 11:1–32

  • Та нар Еховагийн хэчнээн агууг мэднэ (1-7)

  • Амласан нутаг (8-12)

  • Дуулгавартай байвал ивээгдэнэ (13-17)

  • Бурхны Үгийг зүрх сэтгэлдээ шингээх (18-25)

  • «Ерөөл ба хараал» (26-32)

11  Та нар Ехова Бурхнаа хайрлаж, түүний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж зарлиг, хууль тушаалуудыг нь сахиж байгтун. 2  Өнөөдөр би хүүхдүүдэд чинь биш, та нарт хандан ярьж байгааг та нар сайн мэднэ. Танай хүүхдүүд Ехова Бурхны чинь юу зааж ойлгуулсныг, хэчнээн агууг нь, мөн хүчит гар, сунгасан мутрынх нь талаар мэдэх ч үгүй, харж ч байгаагүй. 3  Тэд түүнийг Египетийн хаан фараонд болон бүх нутагт нь юу хийснийг, ямар ямар тэмдэг үйлдсэнийг хараагүй. 4  Бас та нарыг нэхэн хөөж байсан Египетийн хаан фараоны их цэргийг морьд, дайны морин тэрэгнүүдтэй нь Ехова хэрхэн Улаан тэнгист живүүлж, бүрмөсөн устгасныг ч мэдэхгүй. 5  Мөн энд ирэхээс чинь өмнө Бурхан та нарын төлөө цөлд юу хийснийг тэд хараагүй. 6  Газар ангайж израйлчуудын нүдэн дээр Реубений удмын Елиабын хоёр хүү болох Датан, Абирамыг гэр бүлийнхэн, майхнууд, дагалдан яваа амьтай бүхэнтэй нь залгисныг ч тэд хараагүй. 7  Харин та нар Еховаг ямар ямар агуу үйлс бүтээснийг нүдээрээ харсан. 8  Өнөөдөр миний өгч байгаа бүх тушаалыг сахигтун. Тэгвэл та нар улам хүчирхэгжиж, Иорданыг гатлаад тэр нутгийг эзэмшинэ. 9  Бас эцэг өвгөдөд чинь болон үр удамд нь өгнө гэж Еховагийн амласан сүү, балаар бялхсан нутагт та нар урт удаан амьдарна. 10  Очиж эзэмших гэж байгаа нутаг чинь та нарын гарч явсан Египетийн нутагтай адилгүй. Египетэд та нар үр тариад, түүнийгээ ногооны талбай усалдаг шиг хөлийнхөө хүчээр усалдаг* байсан. 11  Харин та нарын гаталж очоод эзэмших гэж байгаа нутаг бол уул толгод, тал хөндийн орон. Тэр нутаг тэнгэрээс орох хур бороогоор ундаалдаг. 12  Ехова Бурхны чинь арчилж торддог орон. Ехова Бурхны чинь мэлмий жилийн эхнээс жилийн эцэс хүртэл тэр нутгийг үргэлж тольддог билээ. 13  Хэрэв та нар өнөөдөр миний өгч байгаа тушаалуудыг хичээнгүйлэн сахиж, Ехова Бурхнаа хайрлаж, бүхий л сэтгэл, бүхий л амь амьдралаа зориулж түүнд үйлчилбэл 14  тэрбээр* нутагт чинь хавар, намрын бороог цагт нь оруулах бөгөөд та нар үр тариагаа хурааж, шинэ дарс, тосоо ч гаргаж авна. 15  Мөн тэрбээр танай мал сүрэгт зориулж хээр талд чинь өвс ургамал ургуулна. Та нарыг бас элбэг дэлбэг хоол хүнстэй байлгана. 16  Хууртан төөрөлдөж өөр бурхдыг шүтэх юм уу тэдэнд мөргөхөөс болгоомжил. 17  Эс бөгөөс Ехова та нарт уурлан хилэгнэж, хур бороо оруулахгүйн тулд тэнгэрийг хаана. Газар ч үр шимээ өгөхгүй. Та нар Еховагийн өгч байгаа сайхан нутгаас даруй устгагдана. 18  Эдгээр үгийг зүрх сэтгэл, оюун бодолдоо шингээгтүн. Тэдгээр нь гарт уясан сануулга, духан дээрх тэмдэг мэт байх ёстой. 19  Тэдгээрийг хүүхдүүддээ зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэхдээ ч, босохдоо ч ярьж байгтун. 20  Мөн гэрийнхээ хаалганы хатавч, дааман хаалганууд дээрээ бич. 21  Тэгвэл газрын дээгүүр тэнгэр үргэлж байхын адил эцэг өвгөдөд чинь Еховагийн өгнө гэж тангарагласан тэр нутагт та нар ч, танай үр хүүхдүүд ч урт удаан амьдарна. 22  Хэрэв та нар миний өнөөдөр өгч байгаа энэ тушаалыг чандлан сахиж, Ехова Бурхнаа хайрлаж, заасан замаар нь үргэлж явж, түүнээс зуурвал 23  Ехова өмнө чинь байгаа энэ бүх үндэстнийг хөөн зайлуулж, та нар өөрсдөөсөө илүү олон хүнтэй, агуу үндэстнүүдийг эзэлнэ. 24  Хөл тавьсан газар бүр чинь та нарынх болно. Цөлөөс Ливан хүртэл, Евфрат мөрнөөс баруун тэнгис* хүртэл танай хил болно. 25  Та нарыг хэн ч сөрөн зогсож чадахгүй. Ехова Бурхан чинь та нарын очих нутгийн бүх хүнийг амласан ёсоороо айдас хүйдэст автуулна. 26  Өнөөдөр би та нарын өмнө ерөөл ба хараалыг тавьж байна. 27  Та нар миний өнөөдөр өгч байгаа Ехова Бурхны тушаалуудыг сахивал ивээл хүртэнэ. 28  Харин Ехова Бурхныхаа тушаалуудыг сахилгүй миний та нарыг яваарай гэж өнөөдөр тушааж байгаа замаас хазайж, өөрсдийнхөө мэддэггүй өөр бурхдын араас явбал хараагдана. 29  Ехова Бурхныхаа эзэмшүүлэхээр өгч байгаа нутагт очоод Геризим уулан дээр ерөөлийг, Ебал уулан дээр хараалыг тунхаглагтун. 30  Тэр хоёр уул баруун зүгт, Иорданы нөгөө талд, Арабад оршин суудаг канаанчуудын нутагт, Гилгалын харалдаа, Морегийн том моддын дэргэд байдаггүй гэж үү? 31  Та нар Ехова Бурхныхаа өгч байгаа нутгийг эзэмшихийн тулд Иорданыг гатлах гэж байна. Тэр нутгийг эзэмшээд амьдран суухдаа 32  өнөөдөр өгч байгаа хууль тушаалуудыг чанд сахигтун.

Зүүлт

Үгч. «хөлөөрөө усалдаг». Энэ үгээр усан тээрмийг хөлөөрөө ажиллуулах юм уу усны сувгуудыг хөлийнхөө хүчээр нээж хаахыг хэлдэг.
Үгч. «би». Энэ болон дараагийн зүйлд Бурхныг хэлсэн.
Их тэнгис буюу Газар дундын тэнгис