Дэд хууль 28:1–68

  • Дуулгавартай байвал ивээгдэнэ (1-14)

  • Дуулгаваргүй бол хараагдана (15-68)

28  Хэрэв та нар Ехова Бурхныхаа дуу хоолойг анхааралтай сонсож, миний өнөөдөр өгч байгаа түүний бүх тушаалыг чандлан сахивал Ехова Бурхан чинь та нарыг дэлхий дээрх бусад бүх үндэстний дээгүүр өргөмжилнө. 2  Ехова Бурхандаа үргэлж дуулгавартай байвал энэ бүх ерөөл та нарын дээр бууна, гүйцэж барина. 3  Та нар хотод ч ивээгдэнэ, хөдөө ч ивээгдэнэ. 4  Танай үр хүүхэд, газрын чинь үр жимс, мал сүргийн чинь үр төл, залуу хонь үхэр чинь өсөн нэмэгдэнэ. 5  Та нар ивээгдэж сагс, гурил зуурдаг сав чинь дүүрэн байх болно. 6  Бүх ажил үйлс чинь бүтэмжтэй байна*. 7  Эсэргүүцэн босох дайснуудаа ялахад чинь Ехова тусална. Тэд нэг талаас чинь довтлон ирэвч долоон тийшээ бутран зугтана. 8  Ехова танай агуулахуудыг дүүргэж, ажил үйлсийг чинь ивээнэ. Ехова Бурхан чинь өгч байгаа газар нутаг дээрээ та нарыг ивээх нь гарцаагүй. 9  Хэрэв Ехова Бурхныхаа тушаалуудыг үргэлж сахиж, заасан замаар нь явбал Ехова тангарагласан ёсоороо та нарыг өөрийнхөө ариун ард түмэн гэж батална. 10  Дэлхийн бүх үндэстэн та нарыг Еховагийн нэрээр овоглодгийг хараад та нараас айж эмээнэ. 11  Еховагийн та нарт өгнө гэж эцэг өвгөдөд чинь амласан нутагт Ехова үр садыг чинь өнөр өтгөн, мал сүргийг чинь арвин их, газар нутгийг чинь өгөөж ихтэй болгоно. 12  Ехова сайн сайхан бүхнээр дүүрэн тэнгэрийн агуулахаа нээн танай нутагт цагт нь хур бороо оруулж, хийсэн бүхнийг чинь ивээнэ. Та нар олон үндэстэнд зээлдүүлэх ч өөрсдөө зээлэх шаардлага гарахгүй. 13  Хэрэв та нар өнөөдөр миний сахиулахаар өгч байгаа Ехова Бурхныхаа тушаалуудыг сахисаар байвал Ехова та нарыг тэргүүнд байлгана уу гэхээс адагт оруулахгүй. Та нар бусдаас дээгүүр байна уу гэхээс бусдын дор орохгүй. 14  Миний өнөөдөр өгч байгаа тушаалуудаас баруун тийш ч, зүүн тийш ч хазайж болохгүй. Өөр бурхдыг бүү дага, тэдэнд бүү үйлчил. 15  Та нар миний өнөөдөр өгч байгаа түүний бүх тушаал, зарлигийг сахилгүй Ехова Бурхандаа дуулгаваргүй байвал энэ бүх хараал та нарын дээр бууна, гүйцэж барина. 16  Хотод ч хараагдана, хөдөө ч хараагдана. 17  Сагс, гурил зуурдаг сав чинь хараагдана. 18  Та нар хараагдаж үр хүүхэд цөөтэй, ургац гэх юмгүй, бага тооны үхэр хоньтой байна. 19  Бүх ажил үйлс чинь бүтэмжгүй болно*. 20  Ехова хийх бүхнийг чинь хараана. Бузар мууг үйлдэж, өөрийг нь орхисноос чинь болж тэрбээр та нарыг устгатлаа, үтэр түргэн сөнөөтлөө үймээн сандралд автуулж, шийтгэл онооно. 21  Ехова эзэмших гэж байгаа нутгаас чинь устгатлаа өвчинд бариулна. 22  Ехова та нарыг сүрьеэ, халууралт, үрэвсэл, халуун, илд, халуун салхи, хөгцөөр зовооно. Тэдгээр нь та нарыг устаж үгүй болтол араас чинь мөшгөнө. 23  Дээд тэнгэр чинь зэс, доод газар чинь төмөр болно. 24  Ехова та нарыг тэнгэрийн доороос устаж үгүй болтол танай нутагт борооны оронд тоос шороо буулгана. 25  Ехова та нарыг дайснууддаа ялагдахад хүргэнэ. Та нар тэдэн рүү нэг талаас нь довтлох ч өөрсдөө долоон тийшээ таран зугтацгаана. Та нар дэлхийн бүх хаант улсын жихүүдсийг төрүүлнэ. 26  Цогцсууд чинь тэнгэрийн шувууд, газрын амьтдын идэш болно. Тэднийг нэг ч хүн үргээхгүй. 27  Ехова та нарыг Египетийн идээт яр, шамбарам, тууралт, загатнаагаар зовоох бөгөөд та нар эдгэхгүй. 28  Ехова ухаан санааг чинь самууруулж, галзуу солиотой, хараагүй болгоно. 29  Сохор хүн үргэлж харанхуйд тэмтэчдэг шиг та нар гэгээн цагаан өдрөөр ч тэмтэчнэ. Юу ч хийсэн амжилт олохгүй. Үргэлж залилуулж, дээрэмдүүлнэ. Хэн ч та нарыг аврахгүй. 30  Та нар сүй тавих ч сүйт бүсгүй чинь хүнд хүчиндүүлнэ. Орон байр барих ч өөрсдөө дотор нь амьдрахгүй. Усан үзэм тарих ч үр шимийг нь хүртэхгүй. 31  Үхрийг чинь нүдэн дээр чинь нядлах ч та нар түүнээс идэж чадахгүй. Илжгийг чинь улаан нүүрэн дээр чинь булаах боловч та нар илжгээ буцаан авч чадахгүй. Мөн хонио дайснууддаа алдлаа ч та нарт хэн ч туслахгүй. 32  Харсаар байтал чинь өөр хүмүүс охид хөвгүүдийг чинь булаан авч, та нар тэднийгээ үгүйлэн санагалзах боловч хүчин мөхөстөнө. 33  Газрын чинь бүх ургац, үр шимийг та нарын таньж мэдэхгүй хүмүүс хүртэнэ. Та нар үргэлж залилуулж, дарлуулна. 34  Үзэж харсан бүхнээсээ болоод галзуурна. 35  Ехова өвдөг, хөлөн дээр чинь өвчтэй, эдгэшгүй идээт яр гаргана. Та нар хөлийн улнаасаа толгойн орой хүртлээ идээт яранд бариулна. 36  Ехова томилсон хаантай чинь хамт өөрсдийн чинь ч, эцэг өвгөдийн чинь ч мэддэггүй үндэстэн рүү та нарыг хөөн зайлуулна. Тэнд та нар мод, чулуун бурхдад үйлчилнэ. 37  Еховагийн хөөн аваачих газар нутагт очихоороо та нар тэндхийн хүмүүсийн жигшил зэвүүцлийг төрүүлж, хэл ам*, доог тохууны бай болно. 38  Та нар талбайдаа их үр тарих боловч царцаанд цөлмүүлсний улмаас багыг хураана. 39  Усан үзэм тарьж ургуулах боловч өтөнд идүүлсний улмаас усан үзэм ч хурааж чадахгүй, дарс ч ууж чадахгүй. 40  Танай бүх нутаг чидуны модтой байх боловч чидун нь унасны улмаас та нар биедээ тосыг нь түрхэж чадахгүй. 41  Та нар хөвгүүд, охид төрүүлэх боловч тэд олзлогдох учраас та нартай хамт байхгүй. 42  Танай бүх мод, газрын чинь үр жимсэн дээр шавж хорхой шавна. 43  Дунд чинь суугаа харийн хүн дэвжихийн дээдээр дэвжих боловч та нар улам бүр дордоно. 44  Тэр чамд зээлдүүлэх боловч чи түүнд зээлдүүлэх чадалгүй байна. Тэр тэргүүнд байх ч чи адагт байна. 45  Хэрэв та нар Ехова Бурхныхаа дуу хоолойг сонсохгүй, өгч байгаа тушаал, зарлигийг нь сахихгүй байвал устаж үгүй болтол чинь энэ бүх хараал та нарын дээр бууж, араас чинь мөшгөн барьж авна. 46  Энэ бүх хараал та нарын болон үр удмын чинь дээр бууж, байнгын тэмдэг, сануулга болно. 47  Та нар алив бүхнээр элбэг хангалуун байх үедээ Ехова Бурхандаа баярлан баясаж, жаргалтайгаар үйлчлэхгүй бол энэ бүхнийг амсана. 48  Ехова дайснуудыг чинь та нар луу явуулахад та нар өлсөж, цангаж, өмсөж зүүхээр дутаж, юм юмаар гачигдан байж тэдэнд зарцлагдана. Тэрбээр та нарыг устаж үгүй болтол хүзүүн дээр чинь төмөр буулга тохно. 49  Ехова алс холоос, газар дэлхийн хязгаараас хэл нь үл ойлгогдох, бүргэд мэт шаламгай нэг үндэстнийг та нар луу явуулна. 50  Тэр үндэстэн ширүүн догшин төрхтэй бөгөөд өтгөс буурлыг ч хүндлэхгүй, хүүхэд залуусыг ч өрөвдөхгүй. 51  Тэд та нарыг устгаж дуустлаа үр тариа, шинэ дарс, тос, залуу үхэр хонийг чинь юу ч үгүй цөлмөнө. 52  Найдлага тавьдаг өндөр, бат хэрмүүдийг чинь нуран унатал танай нутгийн бүх хотыг бүсэлж, та нарыг тэндээс гаргахгүй. Тийм ээ, тэд Ехова Бурхны чинь та нарт өгсөн нутаг дахь бүх хотыг заавал бүсэлнэ. 53  Дайснууд чинь танай бүх хотыг бүсэлж, зовооход та нар Ехова Бурхныхаа өгсөн өөрсдийнхөө охид хөвгүүдийн махыг иднэ. 54  Та нарын хамгийн уян зөөлөн, сайхан сэтгэлтэй эрэгтэй ч ах дүү, хайртай эхнэр, үлдсэн хөвгүүдээ өрөвдөхгүй. 55  Хүүхдийнхээ махыг идэхдээ хэнтэй нь ч хуваалцахгүй. Яагаад гэвэл дайсан чинь хотуудыг чинь бүсэлж, та нарыг зовооход түүнд өөр идэх юм үлдэхгүй. 56  Мөн та нарын дундах уян зөөлөн, сайхан сэтгэлтэй, бүр хөлийн улаа газар хүргэж ч үзээгүй эрхэмсэг эмэгтэй хүртэл хайртай нөхөр, хүү, охиноо өрөвдөхгүй. 57  Тэрбээр хоёр хөлийнхөө хоорондоос гарсан ихсийг болон төрүүлсэн хүүхдээ идэхдээ тэдэнд өгөхгүй. Дайсан чинь танай хотуудыг бүсэлж, дарлан зовоосны улмаас тэрбээр нууцаар иднэ. 58  Хэрэв та нар энэ номд бичигдсэн Хуулийн бүх үгийг чандлан сахихгүй, Ехова Бурхныхаа яруу алдарт, сүрдэн бишрэм нэрээс эмээхгүй бол 59  Ехова аймшигт гай гамшгийг та нар дээр ч, үр удам дээр чинь ч буулгана. Тэр нь төгсгөлгүй айхтар гамшиг, эцэсгүй хүнд өвчин байх юм. 60  Тэрбээр та нарын айж балмагддаг, Египетийн бүх өвчнийг тусгана. Тэр өвчнүүд та нараас салахгүй. 61  Түүнчлэн устаж үгүй болтол чинь энэ Хуулийн номд бичигдээгүй бүх өвчин, гай гамшгийг Ехова та нар дээр буулгана. 62  Та нар тэнгэрийн одод мэт олуулаа болсон байлаа ч Ехова Бурхныхаа дуу хоолойг сонсохгүй бол маш цөөхүүлээ үлдэнэ. 63  Ехова та нарыг сайн сайхан амьдруулж, өнөр өтгөн болгохдоо баярласан шигээ Ехова та нарыг устгаж үгүй хийхдээ ч баярлана. Та нар эзэмших гэж байгаа газар нутгаасаа хагацна. 64  Ехова та нарыг дэлхийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэлх бүх үндэстний дунд тараах бөгөөд тэнд та нар өөрсдийнхөө ч, эцэг өвгөдийнхөө ч мэддэггүй мод, чулуун бурхдад үйлчилнэ. 65  Тэр үндэстнүүдийн дунд амар заяагаа үзэхгүй, хөлөө амраах газар ч олохгүй. Ехова тэнд зүрхийг чинь салгалуулж, нүдийг чинь сүүмийлгэж, сэтгэлийг чинь цөхрөөнө. 66  Та нарын амь насанд аюул учирч, өдөр шөнөгүй айн дагжиж, амьд үлдэх эсэхээ ч мэдэхгүй байх болно. 67  Зүрх чичрүүлсэн айдас хүйдэс, үзсэн харсан зүйлээсээ болоод та нар өглөө нь “Орой байсан ч болоосой”, өдөр нь “Өглөө байсан ч болоосой” гэнэ. 68  Миний өмнө нь та нарт “Та нар дахин хэзээ ч барааг нь харахгүй” гэж хэлж байсан тэр замаар Ехова та нарыг хөлөг онгоцоор Египетэд буцааж аваачна. Тэнд та нар өөрсдийгөө дайснууддаа боол шивэгчин болгон худалдах гэсэн ч хэн ч авахгүй» гэжээ.

Зүүлт

Үгч. «Та нар орохдоо ч ивээгдэнэ, гарахдаа ч ивээгдэнэ»
Үгч. «Та нар орохдоо ч хараагдана, гарахдаа ч хараагдана»
Үгч. «зүйр үг»