Ёоханд илчилсэн нь 20:1–15
20 Ёроолгүй нүхний түлхүүр, асар том гинж барьсан тэнгэрийн элч тэнгэрээс бууж ирэхийг би харлаа.
2 Тэрээр Диавол ба Сатан гэгддэг эртний могой буюу лууг барьж, гинжлээд 1 000 жилийн турш
3 ёроолгүй нүхэнд хорив. 1 000 жилийг дуустал үндэстнүүдийг мэхлүүлэхгүйн тулд нүхийг таглаж, лацдав. Үүний дараа түүнийг ахархан хугацаагаар суллах ёстой ажээ.
4 Би сэнтийнүүдийг харлаа. Сэнтийнүүдэд заларсан тэдэнд шүүх эрх мэдэл өгсөн ажээ. Тийм ээ, Есүсийг гэрчилж, Бурхны тухай ярьснаасаа болж, мөн араатан болон түүний хөргийг шүтээгүй, тэмдгийг нь дух болон гар дээрээ тавиулаагүйгээс болж цаазлуулсан* хүмүүсийг* би харав. Тэд амилж, Христтэй хамт 1 000 жилийн турш хаанчлав.
5 Тэд бол эхэлж амилсан хүмүүс юм. (Үхсэн бусад хүн 1 000 жилийг дуустал амилсангүй.)
6 Эхлээд амилсан хүмүүс жаргалтай бөгөөд ариун. Хоёр дахь үхэл тэднийг захирч чадахгүй. Тэд Бурхан болон Христийн тахилч болж, түүнтэй хамт 1 000 жил хаанчилна.
7 1 000 жил дуусмагц Сатан шоронгоос суллагдана.
8 Тэрээр дэлхийн дөрвөн өнцөгт буй үндэстнүүд буюу Гог болон Магогийг цуглуулж, дайнд оролцуулахын тулд мэхлэхээр явна. Тэдний тоо далайн эргийн элс мэт ажээ.
9 Тэгээд тэд дэлхийгээр тарж, ариун хүмүүс болон Бурхны хайртай хотыг бүсэллээ. Тэгтэл тэнгэрээс гал бууж тэднийг хөнөөв.
10 Тэднийг мэхэлсэн Диавол хүхэр бүхий галт нууранд хаягдав. Тэнд араатан болон хуурамч зөнч аль хэдийн хаягдсан байлаа. Тэд үүрд мөнх, өдөр шөнөгүй тарчлах* ажээ.
11 Асар том цагаан сэнтий болон тэр сэнтийд заларсан Нэгнийг би харлаа. Газар, тэнгэр түүнээс* зугтав. Тэд дахиж олдсонгүй.
12 Үхсэн их бага хүмүүс сэнтийний өмнө зогсож байгааг би харлаа. Хуйлмал номнууд дэлгэгдсэн байв. Бас нэг хуйлмал ном дэлгэгдэв. Энэ нь амийн ном ажээ. Тэднийг эдгээр хуйлмал номонд бичсэн зүйл болон үйл хэргийнх нь дагуу шүүв.
13 Тэнгис дотроо байсан үхэгсдийг, үхэл ба Булш* дотроо байсан үхэгсдийг гаргаж өгөв. Тэднийг үйл хэргийнх нь дагуу тус тусад нь шүүлээ.
14 Үхэл болон Булшийг* галт нууранд хаялаа. Галт нуур бол хоёр дахь үхэл юм.
15 Түүнээс гадна, амийн номонд нэр нь бичигдээгүй хэн боловч галт нууранд хаягдсан байна.
Зүүлт
^ Үгч. «сүхээр цавчуулж цаазлуулсан»
^ Грекээр «психе». Үгийн тайлбараас «Амь»-ийг үзнэ үү.
^ Эсвэл «хоригдох»
^ Эсвэл «түүний өмнөөс»
^ Үгч. «Хадес». Үгийн тайлбараас «Булш»-ийг үзнэ үү.
^ Үгч. «Хадесыг». Үгийн тайлбараас «Булш»-ийг үзнэ үү.