Иов 3:1–26

  • Иов хорвоо дээр мэндэлсэндээ харамсан гашуудав (1-26)

    • Зовж байгаагийнхаа учрыг асуув (20, 21)

3  Тэгтэл Иов ам нээн төрсөн өдрөө харааж гарав. 2  Иов хэлсэн нь:  3  «Хорвоод мэндэлсэн өдөр минь үгүй болсон ч болоосой.“Хүү төрлөө!” гэж хэлсэн шөнө байхгүй байсан ч болоосой.  4  Тэр өдрийг харанхуй нөмөрч, Тэнгэрт оршигч Бурхан түүнийг үл тоон,Гэрэл гэгээ тусаагүй байсан ч болоосой.  5  Түнэр харанхуй түүнийг буцаан авч, Борооны үүл дээгүүр нь бүрхэн Тэр өдрийг аймшигт харанхуй залгисан ч болоосой.  6  Тэр шөнө түнэр харанхуйд баригдаж,Өдрүүдийн дундаас тэр л ганцаараа үл баясанСаруудын тооноос хасагдсан ч болоосой.  7  Тэр шөнө үр тогтоогүй,Баярын уухай хадаагүй байсан ч болоосой.  8  Левиатаныг* сэрээх чадалтай хүмүүс, хараагчидТэр шөнийг хараасан ч болоосой.  9  Үдшийн одод гэрэлтээгүй,Үдийн нар мандаагүй,Үүрийн гэгээ тусаагүй байсан бол дээр байх сан. 10  Үүнээс л болж эхийн минь хэвлий нээгдсэн.Үүнээс л болж гай зовлон нүднээс минь үл нуугдсан. 11  Би төрөхдөө л үхчихгүй яав даа! Эхийн хэвлийгээс гарахдаа л эндчихгүй яав даа! 12  Намайг өвдөг дээрээ юунд тосож аваа вэ?Надад хөхөө яах гэж амлуулаа вэ? 13  Тэгээгүй бол би өдийд амар амгалан хэвтэж,Тайван сайхан нойрсож байх байлаа. 14  Өөрсдөдөө барьсан барилгууд нь өдгөө балгас болсонДэлхийн хаадтай, бас тэдний зөвлөхүүдтэй хамт байх сан. 15  Эсвэл алт хурааж, мөнгөөр гэрээ дүүргэдэгЭрхэм түшмэдтэй хамт нойрсож байх сан. 16  Хэзээ ч гэрэл үзээгүй нярай шигХэвлийд байхдаа зулбачихгүй яав даа! 17  Тэнд муу хүмүүс ч уур уцаараас хол байж,Тэнхэл дорой хүмүүс ч амгалан нойрсож байгаа. 18  Хоригдлууд тэнд тайван байж,Харгалзагчийн хахир дууг сонсдоггүй. 19  Тэнд дээдэс доодсын ялгаа үгүй.Боол эзэндээ захирагдах ч юмгүй. 20  Бурхан зовж яваа хүмүүст яагаад гэрэл гэгээ үзүүлж,Бэрхийг туулж буй хүмүүсийг юунд амьд байлгана вэ? 21  Тэд үхэхийг хүсэвч яагаад санаснаар нь болдоггүй юм бэ? Тэд үхлийг үнэт эрдэнэсээс ч илүүгээр хайдаг. 22  Хайж байсан булшаа олохоорооХанатлаа баярлан хөөрдөг. 23  Явах замгүй болсон хүнд Бурхан садаа болчхоодЯагаад гэрэл гэгээ хайрлана вэ? 24  Санаа алдах минь хоол мэт,Ёолон хашхирах минь их усны урсгал мэт. 25  Учир нь айж байсан зүйл минь надад тохиолдож,Эмээж байсан зүйл минь намайг нөмөрлөө. 26  Амар тайван ч байлгахгүй, амсхийх чөлөө ч өгөхгүй,Ар араасаа хөврөх гай зовлонд уналаа».

Зүүлт

Матар гэх мэтийн том, хүчтэй усны амьтныг хэлсэн бололтой.