Матайн бичсэн сайн мэдээ 7:1–29
7 Бусдыг шүүдгээ боль. Тэгвэл та нарыг шүүхгүй.
2 Учир нь бусдыг яаж шүүнэ, та нарыг тэгж л шүүнэ. Яаж хэмжинэ, тэд тэгж л хэмжинэ.
3 Та ах дүүгийнхээ* нүдэн дэх үртсийг хардаг атлаа яагаад өөрийнхөө нүдэн дэх дүнзийг хардаггүй юм бэ?
4 Эсвэл нүдэндээ дүнзтэй байж “Нүднээс чинь үртэс аваад өгье” гэж яаж хэлнэ вэ?
5 Хоёр нүүр гаргадаг хүн та эхлээд нүдэн дэх дүнзээ ав. Тэгвэл сайн харна. Ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг яаж авахаа мэднэ.
6 Ариун юмыг нохдод бүү өг. Сувдаа гахайн өмнө бүү хая. Хаявал дэвсэлж хаяад тан руу дайрах вий.
7 Гуйгаад бай, тэгвэл танд өгнө. Хайгаад бай, тэгвэл та олно. Тогшоод бай, тэгвэл нээгдэнэ.
8 Гуйдаг хүн бүрд өгдөг, хайдаг хүн бүрд олддог, тогшдог хүн бүрд нээгддэг.
9 Хүүгээ талх идье гэхэд чулуу өгөх хүн та нарын дунд байна уу?
10 Эсвэл загас идье гэхэд могой өгөх хүн байна уу?
11 Та нар нүгэлтэй атлаа хүүхдэдээ сайн юм өгөхийг боддог бол тэгэх тусмаа тэнгэр дэх Эцэг тань өөрөөс нь гуйдаг хүнд сайн юм өгнө биз дээ!
12 Өөрт тань яаж хандаасай гэж хүснэ, өөрөө ч мөн бусдад тийнхүү ханд. Энэ бол Хууль болон зөнчдийн сургаалын* үндэс юм.
13 Жижиг хаалгаар ор. Яагаад гэвэл сүйрэлд хүргэдэг хаалга нь том, зам нь өргөн. Олон хүн энэ хаалгаар ордог.
14 Харин амь руу хүргэдэг хаалга нь жижиг, зам нь нарийн бөгөөд цөөхөн хүн үүнийг олдог.
15 Хуурамч зөнчдөөс болгоомжлогтун. Тэд хонины арьс нөмрөн та нар дээр очдог ч үнэн хэрэгтээ хомхой чоно юм.
16 Тэднийг та нар үйл хэргээр* нь танина. Өргөст бутнаас усан үзэм, инжир хураадаг билүү?
17 Сайн модонд сайн жимс ургадаг. Муу модонд муу жимс ургадаг.
18 Сайн модонд муу жимс ургадаггүй, муу модонд сайн жимс ургадаггүй.
19 Сайн жимс ургуулдаггүй модыг тас цавчаад галд хаядаг.
20 Ийнхүү үйл хэргээрээ тэд танигдана.
21 Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн Хаант төрд орохгүй. Харин тэнгэрт байдаг миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн л орно.
22 Тэр өдөр олон хүн надад “Эзэн минь, Эзэн минь, бид таны нэрээр зөгнөж, таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, таны нэрээр олон гайхамшиг үйлдсэн шүү дээ” гэж хэлнэ.
23 Тэгэхэд нь “Би та нарыг огт танихгүй. Ёс бус юм хийдэг та нар надаас холд!” гэж хэлнэ.
24 Тиймээс миний хэлэхийг сонсоод ажил хэрэг болгодог хүн байшингаа хадан дээр суурилуулсан хэрсүү хүнтэй адил.
25 Бороо орж, үер буун, хүчтэй салхи салхилан байшинг нүдсэн ч нурсангүй. Яагаад гэвэл хадан дээр суурилуулсан юм.
26 Харин миний хэлэхийг сонсоод ажил хэрэг болгодоггүй хүн байшингаа элсэн дээр барьсан мунхаг хүнтэй адил юм.
27 Бороо орж, үер буун, хүчтэй салхи салхилан байшинг нүдсэнд нурж, юу ч үгүй сүйджээ».
28 Есүсийг сургаалаа айлдаж дуусахад олон түмэн хэрхэн зааж сургасныг нь гайхан бишрэв.
29 Яагаад гэвэл тэрээр хуулийн багш нар шиг нь бус, харин Бурхнаас эрх мэдэл авсан хүний ёсоор сургажээ.