Нэгдүгээр Коринт 10:1–33
10 Ах дүү нар аа, дараах зүйлийг та нар мэддэг байгаасай. Бидний өвөг дээдэс бүгдээрээ үүлэн доор явж, тэнгис гатлан
2 Мосег дагаж, үүл болон тэнгисээр баптисм хүртсэн.
3 Тэд бүгдээрээ Бурхны өгсөн хоолыг идэж,
4 Бурхны өгсөн усыг уусан. Учир нь тэд өөрсдийг нь дагаж яваа мэт санагдах хаднаас ус уусан бөгөөд Христийг бэлгэдэж байсан тэр хадыг Бурхан өгсөн юм.
5 Гэвч тэдний ихэнх нь Бурхны таалалд нийцээгүй. Тэд цөлд үхсэн.
6 Энэ явдлаас сургамж авч, муу юманд дурласан тэднийг санаж муу юманд дурлахгүй байцгаая.
7 Тэдний зарим шиг шүтээн шүтэхгүй байцгаая. «Хүмүүс идэж уугаад зугаацаж цэнгэв» гэж тэдний талаар бичсэн байдаг.
8 Бас садар самуун* явдалд орооцолдохгүй байцгаая. Тэдний зарим нь садар самуун явдалд орооцолдоод ганцхан өдрийн дотор 23 000 хүн үхсэн.
9 Бас Еховаг* сорихгүй байцгаая. Тэдний зарим нь Бурхныг сориод могойд хатгуулж үхсэн.
10 Бас гомдоллохгүй байцгаая. Тэдний зарим нь гомдоллоход устгагч хөнөөсөн.
11 Тэдэнд тохиолдсон эдгээр явдал бидэнд сургамжтай бөгөөд үүнийг өнөө үеийн* төгсгөлд амьдарч байгаа бидэнд сануулга болгон Сударт тэмдэглэжээ.
12 Тиймээс зогсож байна гэж боддог хүн унахгүйн тулд болгоомжил.
13 Та нарт тулгардаг сорилт бол хүнд тохиолддог л юм. Гэхдээ Бурхан үнэнч билээ. Тиймээс хэрээс чинь хэтэрсэн сорилт та нарт тулгарахыг зөвшөөрөхгүй. Харин сорилт тулгарлаа гэхэд тэвчихэд туслан, гарах замыг зааж өгдөг.
14 Тиймээс хайрт ах дүү нар минь, шүтээнтэй холбоотой аливаа бүхнээс зугт.
15 Ялгаж салгах чадвартай та нар миний хэлж байгааг бодоод үз.
16 Бурханд талархаад хуваалцдаг аягатай дарс Христийн цусыг, талх Христийн биеийг бэлгэддэггүй гэж үү?
17 Бид олуулаа боловч талх нэг учраас бид нэг бие юм. Учир нь бид нэг л талхнаас иддэг.
18 Израйл хүмүүсийг бод доо. Тахилаас идэх нь Бурхантай хамт идэж байна гэсэн үг биз дээ?
19 Тэгвэл би юу гэх гээд байна вэ? Шүтээнд өргөсөн мах жирийн мах биш гэж үү? Шүтээн бол жинхэнэ Бурхан гэж үү?
20 Үгүй ээ. Харь үндэстнүүдийн өргөдөг тахилын тухайд бол тэд тахилаа Бурханд бус, чөтгөрүүдэд өргөдөг гэдгийг хэлье. Би та нарыг чөтгөрүүдтэй бүү хуваалцаасай гэж хүсэж байна.
21 Та нар Еховагийн* аяга болон чөтгөрүүдийн аяганаас зэрэг уух аргагүй. «Еховагийн* ширээ» болон чөтгөрүүдийн ширээнээс зэрэг хүртэх аргагүй.
22 Тэглээ гэхэд «Еховаг* хилэгнүүлэх бус уу?» Бид Бурхнаас хүчтэй гэж үү?
23 Би бүх юмыг хийж болох ч бүх юм тустай биш. Би бүх юмыг хийж болох ч бүх юм Бурхантай дотносоход тус болохгүй.
24 Хүн бүр өөрийнхөө бус, бусдын ашиг сонирхлыг хар.
25 Махны зах дээр зардаг юм болгоныг идэж болно. Ингэхдээ сэтгэлээ зовоох юм асуух хэрэггүй.
26 Яагаад гэвэл «дэлхий болон дээр нь байдаг бүхэн Еховагийнх*».
27 Бурхныг мэддэггүй хүний урилгаар очсон бол өмнө чинь тавьсан бүхнийг сэтгэлээ зовоох юм асуухгүйгээр ид.
28 Харин хэн нэг хүн танд «Энэ бол шүтээнд өргөсөн юм» гэж хэлбэл тэр хүний төлөө, бас мөс чанарын төлөө бүү ид.
29 Өөрийнхийгөө бус, тэр хүний мөс чанарыг бод гэж хэлж байна. Миний эдлэх ёстой эрх чөлөөг хүмүүс шүүмжилдэг бол би эрх чөлөөгөө хязгаарлана.
30 Би Бурханд талархаад иддэг. Идэх юмнаас болж намайг муу хэлдэг бол би тийм юм идэхгүй.
31 Тиймээс идсэн ч уусан ч, юу ч хийсэн, Бурхныг алдаршуулахын төлөө бүхнийг хий.
32 Иудейчүүдийг ч, грекчүүдийг ч, Бурхны хурлын хэнийг ч бүдрүүлэх юм хийхээс зайлсхий.
33 Намайг дуурайгтун. Би хүмүүсийг аврагдаасай гэсэндээ өөрийнхөө бус, олны ашиг сонирхлыг хардаг. Бүх юмыг бүх хүний таалалд нийцүүлж хийхийг хичээдэг.
Зүүлт
^ Грекээр «порнея». Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.