Нэгдүгээр Петр 3:1–22
3 Түүнчлэн, эхнэрүүд ээ, нөхөртөө захирагд. Тэгвэл Бурхны үгийг дагадаггүй нөхрөө үгээрээ биш, харин биеэ авч явах байдлаараа талдаа оруулж болох юм.
2 Учир нь тэд цэвэр ариун байдгийг тань, өөрсдийг нь гүнээ хүндэлдгийг тань ажиглана шүү дээ.
3 Та нар сүлжсэн үс, алтан эдлэл, үнэтэй хувцас зэргээр зөвхөн гадна талаа гоёх биш,
4 харин Бурхны хувьд асар үнэтэй, хуучирдаггүй гоёл буюу даруу, дөлгөөн зангаар зүрх сэтгэл дэх нуугдмал хүнээ гоё.
5 Учир нь Бурханд найддаг эртний ариун эмэгтэйчүүд нөхөртөө захирагдаж гоёдог байсан.
6 Жишээ нь, Сара Абрахамыг эзэн хэмээж дуулгавартай байсан. Та нар ч айдаггүй, сайныг үйлддэг бол Сарагийн хүүхдүүд болсон хэрэг.
7 Үүнчлэн, нөхрүүд ээ, эхнэрээ сайн ойлгож амьдрахын тулд түүнийг сайтар мэдэж ав. Эмэгтэй хүн хэврэг сав мэт бөгөөд Бурхан та нарт амийг бэлэг болгон өгсөн шигээ түүнд ч өгснийг санаж эхнэрээ хүндэлж бай. Ингэвэл залбирал тань Бурханд саадгүй хүрнэ.
8 Эцэст нь, та нар бүгдээрээ эв нэгдэлтэй*, бие биеэ гэсэн сэтгэлтэй, ах дүү шигээ хайрладаг, өрөвч энэрэнгүй, даруу бай.
9 Мууг муугаар, доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөө. Ийм байгаасай гэсэндээ Бурхан та нарыг сонгосон бөгөөд ивээнэ.
10 Учир нь «Амийг хайрлаж, сайн сайхан өдрүүдийг үзэхийг хүсдэг хүн муу муухай юм ярих ёсгүй, хуурч мэхлэх ёсгүй.
11 Хорон муугаас эргэж, сайныг үйлдэг. Амар тайвныг хайж, мөшгөг.
12 Учир нь Еховагийн* мэлмий шударга сайн хүнийг харж байдаг бөгөөд шаргуу залбирахад нь чих тавин сонсдог. Харин Еховагийн* нүүр хорон мууг үйлддэг хүний эсрэг байдаг».
13 Та нар сайн үйлийн төлөө хичээл зүтгэлтэй болбол хэн та нарт хор хүргэж чадах юм бэ?
14 Шударга сайны төлөө зовох болсон ч та нар жаргалтай. Гэхдээ хүний айдаг юмнаас* бүү ай, бүү санаа зов.
15 Христ бол Эзэн, ариун нэгэн гэдгийг зүрх сэтгэлээрээ хүлээн зөвшөөрч, итгэл найдварын чинь талаар асуусан хүн бүхэнд хариу хэлж, хамгаалахад бэлэн бай. Гэхдээ тэднийг гүнээ хүндэтгэж, дөлгөөн бай.
16 Хүний мөсөөр сайн бай. Тэгвэл Христийн дагалдагчийн ёсоор биеэ зөв авч явдаг та нарыг элдвээр муулдаг хүмүүс хожим нь ичнэ.
17 Бурхан зөвшөөрсөн бол, муу юм хийгээд зовсноос сайн юм хийгээд зовсон нь дээр.
18 Учир нь Христ нүглийг арилгахын тулд нэг удаа үхсэн. Ийнхүү шударга сайн хүн хорон муу хүмүүсийн төлөө үхсэн юм. Энэ нь та нарыг Бурхантай эвлэрүүлэхийн тулд байв. Махан биетэй байхдаа үхсэн ч тэнгэрийн биетэй болж амилаад
19 шоронд буй тэнгэрийн элчүүдэд шүүх мэдээ тунхагласан.
20 Тэд Ноагийн үед дуулгаваргүй байсан юм. Тэр үед Бурхан тэвчээртэй хүлээж, Ноа авдар барьж байсан бөгөөд цөөхөн буюу найман хүн тэр авдарт орж үерийг эсэн мэнд давсан билээ.
21 Энэ явдал баптисмын бэлгэдэл бөгөөд амилсан Есүс Христэд итгэдэг та нарыг баптисм одоо авардаг. Баптисм махан биеийн бузрыг арилгадаг юм биш, харин хүн чанараа ариусгахын тулд Бурханд гаргасан хүсэлт юм.
22 Христ тэнгэрт гараад Бурхны баруун талд байгаа бөгөөд тэнгэрийн элчүүд, эрх мэдлүүд, хүчнүүд түүнд захирагддаг.
Зүүлт
^ Эсвэл «санаа нэгтэй»
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Эсвэл «хүний сүрдүүлгээс» гэсэн бололтой.