Хоёрдугаар Коринт 9:1–15

  • Ямар сэтгэлээр өгөх тухай (1-15)

    • Бурхан дуртайяа өгдөг хүнийг хайрладаг (7)

9  Ариун хүмүүст үйлчлэх талаар та нарт бичих нь илүүц биз ээ.  Та нар бусдад чин сэтгэлээсээ үйлчлэх хүсэлтэйг би мэднэ. Үүгээр тань бахархаад «Ахейн итгэл нэгтнүүд ноднингоос эхэлж хуримтлуулсан» гэж македончуудад ярьдаг. Хичээл зүтгэлтэй та нарын ачаар тэдний олонх нь урамшин зоригжсон.  Та нараар бахархаж магтсан минь талаар бүү болоосой, мөн тэдэнд хэлсний минь дагуу та нар бэлэн байгаасай гэж бодоод би тэр эрчүүдийг явууллаа.  Хэрэв македончууд надтай хамт очоод та нарын бэлэн биш байгааг харвал та нарт итгэж байсан бидэнд ч, та нарт ч ичгэвтэр биш үү?  Тиймээс амласан бэлэг сэлтийг тань бэлэн болгоход туслуулахаар хэдэн хүнийг түрүүлж явуулах нь зүйтэй гэж бодлоо. Тэгвэл албадан хураасан бус, харин сайхан сэтгэлийн хандив болно шүү дээ.  Энэ тухайд гэвэл, харам сэтгэлээр тарьсан хүн багыг, өгөөмөр сэтгэлээр тарьсан хүн ихийг хураадаг шүү дээ.  Хүн бүр шийдсэнийхээ дагуу, харам сэтгэлээр биш, сайн дураараа өгөгтүн. Учир нь Бурхан дуртайяа өгдөг хүнийг хайрладаг.  Түүнээс гадна, Бурхан та нарыг нигүүлсэх бөгөөд юугаар ч дутаахгүй байх чадалтай. Тиймээс та нар хэрэгтэй юмаар дутахгүй, сайн үйл хийхэд шаардлагатай бүхнээр хангагдана.  (Энэ тухай «Тэр өгөөмөр сэтгэлээр тарааж, ядууст өгсөн. Түүний шударга зөв үйл хэрэг мөнхөд байх юм» гэж бичсэн байдаг. 10  Тариачинд тарих үр, идэх талхыг арвин ихээр өгдөг Бурхан та нарт тарих үр өгч, арвижуулж, зөв үйлсийн ургацыг тань нэмэгдүүлнэ.) 11  Бурхан та нарыг арвин их ивээсэн учир та нар өгөөмрөөр өгч чадна. Улмаар та нарын бэлгийг бид дамжуулахад хүмүүс Бурханд талархах болно. 12  Учир нь энэхүү үйлчлэлийн үрээр ариун хүмүүсийн хэрэгцээ хангагдах бөгөөд олон хүн Бурханд талархана. 13  Та нар ийнхүү бусдад тусалснаараа ямар хүмүүс болохоо харуулж байгаа юм. Мөн Христийн талаар тунхагладаг сайн мэдээнийхээ дагуу амьдарч, өөрсдөд нь болон бүгдэд өгөөмөр сэтгэл гаргадгийг тань мэдээд тэд Бурхныг алдаршуулах юм. 14  Бурхан та нарыг арвин их нигүүлссэн учир тэд та нарыг хайрлаж, та нарын төлөө Бурханд залбирна. 15  Хэмжээлшгүй их бэлэг өгдөг Бурхандаа талархацгаая.

Зүүлт