Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 7

ДУУ 5 Христ бол бидний үлгэр жишээ

Ехова нүглийг уучилдаг—Танд ач тустай гэхийн учир юу вэ?

Ехова нүглийг уучилдаг—Танд ач тустай гэхийн учир юу вэ?

«Танд [«жинхэнэ», ШЕ] уучлал байдаг» (ДУУ. 130:4).

ГОЛ САНАА

Ехова биднийг хэрхэн уучилдгийг харуулсан зарим зүйрлэлийг судалбал түүнд улам их талархана.

1. Хүмүүс нэг нэгэндээ «Уучиллаа» гэж хэлэхдээ ямар утгаар хэлсэн байж болох вэ?

 «ЧАМАЙГ уучилж байна». Энэ үгийг, ялангуяа гомдоочихсон хүнээсээ сонсвол сэтгэл маш их тайвширдаг! Гэхдээ «Чамайг уучилж байна» гэж яг ямар утгаар хэлсэн юм бол? Тантай сайн найз хэвээрээ гэж хэлэх гэсэн юм болов уу? Эсвэл энэ асуудлыг дахин сөхмөөргүй учраас л ингэж хэлсэн үү? «Уучиллаа» гэсэн үг нь янз бүрийн утгатай байж болох юм.

2. Еховагийн уучлалын талаар Библид юу гэж байдаг вэ? (Бас зүүлтийг үзээрэй).

2 Ехова төгс бус биднийг уучлах нь хүн хүнээ уучлахаас асар их ялгаатай. Еховагийн уучлал үнэхээр онцгой. Дуулалч түүний тухай «Танаас эмээхийн тулд Танд [«жинхэнэ», ШЕ] уучлал байдаг билээ» гэж хэлжээ (Дуу. 130:4). a Тийм ээ, Еховагийн уучлал бол «жинхэнэ». Тэрбээр жинхэнээсээ уучилна гэж чухам яадгийг харуулдаг. Библи бичигчид хүн хүнээ уучлахыг бичихдээ огт хэрэглэдэггүй еврей үгийг Ехова хүнийг уучлах талаар л бичихдээ хэрэглэсэн.

3. Еховагийн уучлал биднийхээс ямар ялгаатай вэ? (Исаиа 55:6, 7).

3 Ехова хэн нэгнийг уучлахдаа түүний нүглийг ор мөргүй арилгаж, өөртэй нь тогтоосон харьцааг сэргээдэг. Тэрбээр бүрмөсөн, өгөөмрөөр уучилдагт бид үнэхээр их талархдаг (Исаиа 55:6, 7-г уншина).

4. Ехова жинхэнэ утгаар уучилдгаа бидэнд хэрхэн ойлгуулдаг вэ?

4 Ехова хүнээс өөрөөр уучилдаг юм бол жинхэнэ ёсоор уучлах гэдгийг төгс бус хүмүүс бид яавал ойлгох вэ? Ехова үүнийг янз бүрийн зүйрлэлээр ойлгуулдаг. Энэ өгүүллээр заримыг нь авч үзнэ. Тийнхүү үзэхдээ Ехова нүглийг маань хэрхэн арилгаж, өөртэй нь дахин дотно болоход тусалдгийг мэдэж авъя. Мөн биднийг олон аргаар уучилдаг сайхан сэтгэлтэй, өршөөнгүй Эцгээ улам илүү хайрлаж, гүнээ талархдаг болцгооё.

ЕХОВА НҮГЛИЙГ АВЧ ХАЯДАГ

5. Ехова нүглийг уучлахыг юутай зүйрлэдэг вэ?

5 Библид нүглийг хүнд ачаатай зүйрлэсэн нь их бий. Давид хаан үйлдсэн нүглийнхээ талаар «Миний гэм буруу толгойгоос минь давжээ. Хүнд ачаа мэт тэд надад даагдахгүй байна» гэж хэлсэн (Дуу. 38:4). Гэхдээ Ехова гэмшсэн нүгэлтнийг уучилдаг (Дуу. 25:18; 32:5). «Уучлах» гэж орчуулдаг еврей үг нь үндсэндээ «өргөх», «зөөх» гэсэн утгатай. Мөрөн дээрх хүнд ачааг өргөж авахтай адил Ехова нүглийг маань уучлахад сэтгэл хөнгөрдөг.

«Уучилсан» (Дуу. 32:5)


6. Ехова нүглийг маань хэр хол авч явах вэ?

6 Өөр нэг зүйрлэлээс Ехова нүглийг маань хэр хол авч явахыг мэдэж болно. Дуулал 103:12«Өрнө дорноос хол байдаг шиг Тэр бидний алдаа зөрчлийг биднээс тийн холдуулсан» гэж бичжээ. Өрнө нь дорноос хамгийн хол зайд оршдог. Хоорондоо нийлнэ гэж огт байхгүй. Өөрөөр хэлбэл Ехова бидний нүглийг хамгийн хол авч явна гэсэн үг. Үнэхээр сэтгэл тайвшруулам биш гэж үү?

«Өрнө дорноос хол байдаг шиг» (Дуу. 103:12)


7. Ехова нүглийг уучлахыг Библид хэрхэн дүрсэлсэн бэ? (Мика 7:18, 19).

7 Ехова нүглийг маань бэлгэдлийн утгаар хол авч явах ч хадгалаад л байх уу? Үгүй. Хезекиа хаан энэ тухай «Миний бүх нүглийг Та нурууныхаа араар хаясан» гэж бичжээ (Ис. 38:9, 17). Тэгэхээр Ехова гэмшсэн нэгний нүглийг авч яваад харагдахгүй газар хаяна гэсэн үг. Энэ үгийг бас «Миний нүглийг та огт үйлдээгүйд тооцсон» гэж орчуулж болдог. Үүнийг Мика 7:18, 19 өөрөөр дүрсэлжээ (уншина). Тэнд Ехова нүглийг маань далайн гүн рүү хаяна гэсэн. Эрт цагт далайн гүнд хаягдсан юмыг дахин олж авах ямар ч боломжгүй байв.

«Миний бүх нүглийг Та нурууныхаа араар хаясан» (Ис. 38:17)

«Та тэдний бүх нүглийг далайн гүн уруу хаяна» (Мика 7:19)


8. Дээрх зүйрлэлүүдээс юу мэдэж авсан бэ?

8 Ехова нүглийг авч хаяад бүрмөсөн уучилдаг тул өөрийгөө буруутгаад байх хэрэггүйг дээрх зүйрлэлүүдээс мэдэж авлаа. Бид Давидын хэлсэн дараах үгтэй санал нийлдэг. «Хууль бус явдал нь уучлагдсан, нүгэл нь далдлагдсан хүн жаргалтай. Ехова хэний нүглийг бүрмөсөн мартана, тэр хүн жаргалтай» (Ром 4:7, 8). Энэ бол жинхэнэ уучлал!

ЕХОВА НҮГЛИЙГ АРИЛГАДАГ

9. Ехова нүглийг маань бүрмөсөн уучлахаа ямар зүйрлэлээр ойлгуулдаг вэ?

9 Ехова гэмшсэн хүний нүглийг золиосонд үндэслэн арилгахаа өөр зүйрлэлээр ойлгуулдаг. Тэрбээр биднийг бэлгэдлийн утгаар усанд угааж, булхаад нүглээс цэвэрлэнэ (Дуу. 51:7; Ис. 4:4; Иер. 33:8). Энэ талаар Ехова: «Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно. Тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг болох болно» гэж хэлжээ (Ис. 1:18). Хувцсан дээрх час улаан эсвэл хүрэн улаан толбыг арилгах маш хэцүү. Ехова энэ зүйрлэлээр нүглийг маань огт харагдахгүй болтол угааж цэвэрлэхээ амладаг.

«Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно» (Ис. 1:18)


10. Ехова өгөөмрөөр уучилдгийг ямар зүйрлэлээс мэдэж авах вэ?

10 Өмнөх өгүүлэлд үзсэнээр нүглийг бас «өртэй» зүйрлэдэг (Мат. 6:12, зүүлт). Нүгэл үйлдэх бүрдээ бид Еховад тавьсан өрөө нэмсээр байдаг. Тиймээс Еховад асар их өртэй! Гэхдээ тэрбээр уучилдаг нь өрийг маань тэглэж буй хэрэг билээ. Тэгэхээр уучилсныхаа дараа дахин хэзээ ч өр нэхэхгүй байх нь. Еховагийн уучлал үнэхээр сэтгэл тайвшруулдгийг ойлгуулсан ямар сайхан жишээ вэ!

«Бидний нүглийг [«өрийг», зүүлт] уучлаач» (Мат. 6:12)


11. Нүглийг арилгана гэдгийг хэрхэн ойлгох вэ? (Үйлс 3:19).

11 Үйлс 3:19-ийг уншина. Энэ зүйлд «уучлах» гэж орчуулсан грек үг нь «арилгах» гэсэн утга илэрхийлдэг. Ехова нүгэл хэмээх өрийг тэглээд зогсохгүй өрийн дансыг арилгана. Энэ нь юу гэсэн үг вэ? Өрийг тэглэхдээ хүчингүй болгосон тоог зураас зурж дарсан ч тэр тоо харагдсан хэвээр л байна. Харин арилгах нь үүнээс ялгаатай. Эрт цагт нүүрс, цавуу, усыг хольж найруулаад бэх хийдэг байсан. Ийм бэхээр бичсэнийг нойтон хөвөнгөөр арилгах боломжтой байв. Ийнхүү өрийг «арилгахад» өрийн данс огт байгаагүйтэй адил юу ч харагдахгүй болно. Өрийг тэглэж, арилгадаг шиг нүглийг маань Ехова бүрмөсөн уучилна гэж бодохоор үнэхээр тайвширмаар! (Дуу. 51:9).

«Тиймээс нүглээ уучлуулъя [арилгуулъя] гэвэл» (Үйлс 3:19)


12. Өтгөн үүлний зүйрлэлээс юу мэдэж авах вэ?

12 Ехова нүглийг хэрхэн арилгахаа бас нэг зүйрлэлээр тайлбарласан. Тэрбээр: «Би чиний зөрчлийг үүлээр, чиний нүглийг өтгөн үүлээр далдална» гэжээ (Ис. 44:22, ШЕ). Ехова уучлахад нүгэл маань өтгөн үүлээр далдлагдсан мэт өөрт нь ч, бидэнд ч харагдахгүй болно.

«Би чиний зөрчлийг үүлээр ... далдална» (Ис. 44:22, ШЕ)


13. Ехова нэгэнт уучилсан хойно бид юу гэж бодох ёсгүй вэ?

13 Ехова дээрх зүйрлэлүүдээр юу ойлгуулдаг вэ? Тэрбээр нэгэнт уучилсан хойно бид цаашдаа өөрсдийгөө нүгэл хэмээх толботой гэж бодох ёсгүй. Есүс Христийн цусаар бидний өрийг тэглэсэн. Бүр өрийн дансыг огт байгаагүйтэй адил ор мөргүй арилгасан. Бид нүглээ гэмшвэл Ехова ийнхүү жинхэнэ утгаар уучилна.

ЕХОВА БИДЭНТЭЙ ДОТНО НАЙЗ БОЛДОГ

Тэнгэрийн Эцэг маань биднийг уучилж өөртэй нь сайн харьцаатай байх боломжийг бүрдүүлсэн (14-р догол мөрийг үзээрэй)


14. Ехова бүрмөсөн уучилсан гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ? (Бас зургийг үзээрэй).

14 Ехова жинхэнэ утгаар уучилдаг тул түүнтэй дахин найзлах боломжтой. Тэрбээр бүрмөсөн уучилдаг учраас бид өөрсдийгөө цаашид буруутгаад байх хэрэггүй. Бидэнд уурласаар байгаа, шийтгэх тухай бодож байгаа байх даа гэж бас айх хэрэггүй. Ехова хэзээ ч ингэхгүй. Бүрмөсөн уучилсан гэдэгт нь яагаад итгэлтэй байж болох вэ? Тэрбээр зөнч Иеремиад «Би тэдний гэм бурууг уучилж, тэдний нүглийг уучилж, тэдний нүглийг дахин санахгүй» гэж хэлсэн (Иер. 31:34). Элч Паул энэ үгийг эш татан «Би ... нүглийг нь дахин хэзээ ч санахгүй» гэж бичжээ (Евр. 8:12). Энэ нь яг юу гэсэн үг вэ?

«Би ... тэдний нүглийг дахин санахгүй» (Иер. 31:34)


15. Ехова нүглийг маань дахин санахгүй гэдгийг юу гэж ойлгох вэ?

15 Библид «санах» гэдэг үгээр ямар нэг юмыг дурсан санахыг хэлдгээс гадна үйлдэл хийхийг хэлэх нь бий. Есүсийн хажуугийн шонд хадагдсан гэмт хэрэгтэн: «Есүс ээ, та Хаан болохлоороо намайг санаарай» гэжээ (Лук 23:42, 43). Тэрбээр өөрийнх нь тухай дурсан санахыг л гуйгаагүй. Харин үйлдэл хийх буюу амилуулахыг гуйсныг Есүсийн хариултаас мэдэж болно. Тэгэхээр Ехова нүглийг маань уучилж дахин санахгүй гэсэн нь үйлдэл хийхгүй буюу шийтгэхгүй гэсэн үг.

16. Жинхэнээсээ уучлуулсан хүн эрх чөлөөтэй болдгийг Библид хэрхэн дүрсэлсэн бэ?

16 Жинхэнэ утгаар уучлагдахад эрх чөлөөтэй болдгийг Библийн өөр нэг зүйрлэл харуулдаг. Төрөлхийн нүгэлтэй бид «нүглийн боол» билээ. Гэхдээ Ехова уучлахад «нүглийн боолчлолоос чөлөөлөгддөг» (Ром 6:17, 18; Илч. 1:5). Тийм ээ, боолчлолоос чөлөөлөгдсөн боол магнай тэнийн баярладаг шиг бид нүглээ уучлуулаад баярладаг.

«Та нар нүглийн боолчлолоос чөлөөлөгдсөн» (Ром 6:18)


17. Нүглээ уучлуулсан хүнийг бэлгэдлийн утгаар эдгэрсэн гэж яагаад хэлж болох вэ? (Исаиа 53:5).

17 Исаиа 53:5-ыг уншина. Библид нүгэлтэй биднийг үхлийн аюултай өвчин туссан хүнтэй бас зүйрлэжээ. Ехова Хүүгээ золиос болгон өгсөн тул бид бэлгэдлийн утгаар эдгэрсэн (1 Петр 2:24). Бэлгэдлийн утгаар өвдсөнөөсөө болж Еховатай харилцаа холбоогүй болсон ч золиосны ачаар сэргээх боломж бүрдсэн. Хүнд өвчнөөсөө салсан хүн бөөн баяр болдог биз дээ? Үүн шиг бид Еховагаар уучлуулж сайшаалыг нь хүртээд баярладаг.

«Түүний шархаар бид эдгэрсэн» (Ис. 53:5)


ЕХОВА НҮГЛИЙГ УУЧИЛДГИЙН АЧ ТУС ЮУ ВЭ?

18. Ехова хэрхэн уучилдгийг харуулсан Библийн зүйрлэлүүдээс бид юу мэдэж авсан бэ? («Ехова биднийг хэрхэн уучилдаг вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй).

18 Ехова хэрхэн уучилдгийг харуулсан Библийн зүйрлэлүүдээс бид юу мэдэж авсан бэ? Биднийг бүрмөсөн уучилж, үйлдсэн нүглийг дахин хэзээ ч санахгүй. Ийм учраас тэнгэрийн Эцэгтэйгээ сайн харьцаатай байх боломжтой болсон. Гэхдээ Еховагийн уучлал бол бэлэг гэдгийг санах учиртай. Тэрбээр энэ бэлгийг авах эрхтэй гээд өгдөг юм биш, харин хайрлаж нигүүлсээд өгдөг (Ром 3:24).

19. а) Бид яагаад талархдаг вэ? (Ром 4:8). б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

19 Ром 4:8-ыг уншина. Ехова жинхэнэ утгаар уучилдагт бид үнэхээр их талархдаг! (Дуу. 130:4). Гэхдээ уучлуулах эсэх маань дараах чухал зүйлээс шалтгаална. Есүс: «Та нар хүмүүсийн алдаа дутагдлыг уучлахгүй бол та нарыг Эцэг тань бас уучлахгүй» гэжээ (Мат. 6:14, 15). Тэгэхээр Еховаг дуурайн уучилдаг байх нь амин чухал. Энэ талаар дараагийн өгүүллээр ярилцана.

ДУУ 2 Ехова танд баярлалаа

a Энэ зүйлд гардаг «уучлал» гэдэг еврей үгээр жинхэнэ уучлалыг хэлдэг бөгөөд өөр уучлал бас байдгийг харуулдаг. Энэ чухал ялгааг Библийн олон орчуулгад орхигдуулсан байдаг.