Skip to content

Гарчиг руу орох

Завийг зөв залдаг шиг хүүхдээ сахилга баттай байлгавал буруу замаар орохгүй

ЭЦЭГ ЭХ

6. Сахилга бат

6. Сахилга бат

ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?

Сахилга баттай байлгана гэдгээр чиглүүлэх, зааж сургах гэсэн утга бас илэрхийлдэг. Сахилгагүйтсэн хүүхдийг засаж залруулахыг ч бас хэлдэг. Гэхдээ ихэнх тохиолдолд ёс суртахуунтай болгох, хүүхдийг зөв юм хийдэг болгож сургахыг хэлдэг.

ЯАГААД ЧУХАЛ БЭ?

Сүүлийн жилүүдэд ихэнх эцэг эх хүүхдээ сахилга баттай байлгах гэж хичээхээ больсон. Хүүхэд өөрийгөө үнэлж хүндлэхээ больчихвий гэсэндээ засаж залруулахаас зүрхшээдэг болжээ. Гэхдээ ухаалаг эцэг эх сахиж болмоор дүрэм зохиож, хүүхдээрээ сахиж мөрдүүлж сургадаг.

«Хэмжээ хязгаартай байлгавал өв тэгш хүн болж төлөвшихөд нь тустай. Дураараа өссөн хүүхэд залуургүй завь л гэсэн үг. Буруу зам руу орж, онхолдож ч мэднэ»—Памела.

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Тууштай байгаарай. Үг авахгүй бол горыг нь амсана гэдгийг сануулаарай. Нөгөөтээгүүр үгэнд орвол магтаж урамшуулаарай.

«Дуулгаваргүй хүмүүсээр дүүрэн энэ нийгэмд аав ээжийнхээ үгэнд сайн ордог гэж би хүүхдээ байнга магтдаг. Магтуулсан хүүхэд зөөлөн чихтэй болж засаж залруулахад амар байдаг»—Кристин.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хүн юу тарьснаа хурааж авдаг» (Галат 6:7).

Наанатай цаанатай хандаарай. Хүүхдээ шийтгэхдээ нас, бие бялдарыг бодолцож үзээрэй. Буруу юм хийснийх нь үр дагаврыг амсуулах нь хүүхдэд их ач тустай байх нь бий. Жишээ нь, гар утсыг яаж хэрэглэвэл зохих талаар хэлж ярьсныг чинь хүлээж авахгүй бол утсыг нь хурааж авах юм уу ямар нэг хязгаар тогтоогоорой. Бас жижиг сажиг алдааг нь битгий томруулж хараарай.

«Хүүхэд маань зориуд дуулгаваргүй загнаад байна уу эсвэл зүгээр л дүрсгүйтээд байна уу гэдгийг олохыг хичээдэг. Сануулаад л өнгөрөх гэж алдаа гэж байна, зайлшгүй залруулах зан авир гэж бас байна. Энэ хоёр чинь өөр шүү дээ»—Вендел.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Урмыг нь хугалахгүйн тулд хүүхдээ бүү уурлуул» (Колосай 3:21).

Хайраа илэрхийлээрэй. Аав ээж нь өөрт нь хайртай болохоор засах гээд байгааг ойлговол хүүхэд дагаж захирагдахад амар болдог.

«Хүү маань хааяа буруу юм хийчихдэг юм. Тэгэхэд нь дандаа зөв юм хийдэг хүүгээрээ бахархдагаа хэлдэг. Одоо гаргаад байгаа энэ алдааг нь засахгүй бол ямар балагтайг ойлгуулдаг. Засрахад нь л тусалж байгаа юм шүү гэдгээ хэлдэг»—Дэниел

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хайрладаг хүн тэвчээртэй, сайхан сэтгэлтэй» (1 Коринт 13:4).