Орчлон ертөнц юу өгүүлдэг вэ?
Одон орон судлаачид сансар огторгуйг гайхан биширсээр байна. Эдүгээ гараг эрхсийг судлах багаж хэрэгслийн хөгжил шинэ төвшинд хүрсэн гэж хэлж болно. Тэгвэл тэд юу олж мэдсэн бэ?
Эмх цэгцтэй. Нэгэн сэтгүүлийн өгүүлэлд «Галактикууд тараагаад хаясан тоглоом шиг биш, харин маш эмх цэгцтэй оршдог» гэж бичжээ («Astronomy»). Юуны ачаар эмх цэгцтэй байдаг вэ? Хар матери гэдэг үл үзэгдэх бодист хамаг учир байгаа гэж эрдэмтэд таамагладаг. Хар материйг «орчлон ертөнцийн бүх галактикийг байр байранд нь барьж тогтоох үүрэгтэй» гэж үздэг байна.
Орчлон ертөнц яагаад эмх цэгцтэй болсон бэ? Санамсаргүйгээр ийм нарийн зохион байгуулалттай болсон байх боломжтой юу? 20-р зууны нэрт одон орон судлаач Аллан Сандажийн хэлсэн үгэнд анхаарлаа хандуулцгаая.
Бурханд итгэдэг байсан тэрбээр: «Орчлон ертөнц дэх эмх цэгц нь эмх замбараагүй байдлаас бий болох огт боломжгүй гэж би боддог. Эмх цэгцтэй болгосон ямар нэгэн эх булаг байх ёстой шүү дээ» гэж хэлжээ.
Амь амьдралыг тэтгэдэг. Эрдэмтдийн сул хүч гэж нэрлэдэг хүчний тухай авч үзье. Энэ хүчний ачаар нар тогтмол хэмээр байнга шатаж байдаг. Энэ хүч бага байсан бол нар хэзээ ч бий болохгүй байх байсан. Бас энэ хүч их байсан бол нар аль хэдийн устчих байсан.
Амь амьдралыг тэтгэдэг олон хүчний нэг нь сул хүч юм. Эрдэмтэн Анил Анантасвами: «Хэрвээ байгалийн хуулиудын нэг нь л жаахан өөр байсан бол одод, гараг эрхэс, галактикууд, амьд биес бий болох ямар ч боломжгүй байх байсан» гэж хэлжээ.
Амьдрахад таатай. Дэлхийн усны нөөц болон агаар мандал дахь хий нь амьдралыг тэтгэхэд хангалттай хэмжээтэй байдаг. Мөн сарны хэмжээ тохиромжтой байдаг учраас дэлхий маань тогтвортой оршдог. Нэгэн сэтгүүлд «Манай цэнхэр гаргийн геологи, экологи, биологийн тогтолцоо тэнцвэртэй байдаг учраас дэлхий маань хүн амьдрахад тохиромжтой цорын ганц гараг юм» * гэж бичжээ («National Geographic»).
Нэгэн нийтлэлчийн бичсэнээр, манай нарны аймаг нь тэнгэрийн заадас галактикт «оддоос зайдуу оршдог» ажээ. Чухам ийм учраас л дэлхий дээр амьдрах нөхцөл бүрдсэн байдаг. Хэрвээ манай дэлхий ододтой ойрхон буюу галактикийн төвд эсвэл мушгиан дээр нь байсан бол цацраг туяаны нөлөөгөөр хүн амьтан амьдрах нөхцөлгүй болох байв. Сонирхолтой нь, манай дэлхий «амьдрахад хамгийн тохиромжтой бүсэд» оршдог.
Физикч Пол Дэвис: «Орчлон ертөнцөд оршин байгаа маань ер бусын хувь тавилан, түүхийн тохиол эсвэл сансар огторгуй дахь агуу зүйлсийн хэлтэрхий гэдэгт би л лав итгэж чадахгүй. ... Амьдрал санамсаргүйгээр бий болсон байж таарахгүй» гэж орчлон ертөнцийн хуулийн талаарх мэдлэгтээ үндэслэн хэлжээ. Дэвис орчлон ертөнц болоод хүн төрөлхтнийг Бурхан бүтээсэн гэж хэлээгүй. Харин та юу гэж бодож байна вэ? Орчлон ертөнц болон дэлхийг амьд бүхний төлөө бүтээсэн гэлтэй. Үнэхээр бүтээсэн болохоор л тэгж санагдаад байгаа юм болов уу?
^ д/м 8 Уг сэтгүүлд дэлхий, хүн төрөлхтнийг Бурхан бүтээсэн гэж хэлэх гээгүй. Харин дэлхий нь хүн амьдрахад тохиромжтой гэдгийг онцолжээ.