ИТГЭЛИЙН ЖИШЭЭ | ЕНОХ
«Тэр ... Бурханд таалагдсан»
Енох их урт насалжээ. Өнөө үеийн хүмүүсийн наслалтаас бараг дөрөв дахин их буюу 365 насалсан гэхээр та төсөөлж чадахгүй байгаа биз. Гэхдээ Енох тухайн үеийнхээ хүмүүсийг бодвол, тийм ч урт наслаагүй юм. 5 000-аад жилийн тэртээ хүмүүс одоогийнхоос хамаагүй урт насалдаг байжээ. Анхны хүн Адам, Енохыг төрөхөд 600 гаруй настай байсан бөгөөд түүнээс хойш 300 жил амьдарчээ. Адамын удмын зарим хүн, бүр ч урт насалсан. 365-тай Енох эрч хүчтэй, цаашид амьдрах байсан ч нас барсан юм.
Енох ноцтой аюулд ороод байсан бололтой. Ум хумгүй зугтан гүйж буй түүнийг төсөөлөөрэй. Бурхны мэдээг тунхаглахад нь хүмүүс яаж хандсаныг мартаж чадахгүй байна. Хэлсэн үгнээс нь болоод хүмүүс ихэд уурлажээ. Тэд Енохыг үзэн ядаж, илгээсэн Бурхныг нь зэвүүцэв. Ехова Бурхан уруу дайрч чадахгүй болохоор Еноход уурлаж байгаа нь энэ аж! Енох гэрийнхэнтэйгээ дахиад уулзах болов уу? Тэрбээр эхнэр, охид, хүү Метусела, ач хүү Ламехаа бодсон байх (Эхлэл 5:21–23, 25). Ингээд л бүх юм дуусаж байгаа юм болов уу?
Енохын талаар Библид бүдэг бадагхан бичсэн байдаг. Библийн гуравхан номд түүний тухай дурддаг (Эхлэл 5:21–24; Еврей 11:5; Иуда 14, 15). Гэхдээ эдгээр гурван зүйл агуу итгэлтэй энэ хүний тухай хангалттай мэдээлэл өгдөг. Та гэр бүлээ тэжээдэг үү? Зөв гэж мэддэг зүйлийнхээ төлөө бат зогсоход тань хэцүү байдаг уу? Тэгвэл Енохын итгэлтэй байснаас нь олон зүйл сурч болно.
«ЕНОХ ... БУРХАНТАЙ ХАМТ ЯВСАН»
Адамын долоо дахь үе болох Енохын үед хүн төрөлхтөн буруу замаар орсон байв. Хүмүүс Адам Ева хоёрын алдсан төгс байдалтай ойр байсан учраас их урт насалдаг байжээ. Гэхдээ ёс суртахуун, шашин шүтлэгийн хувьд уруудан доройтсон байв. Хаа сайгүй хүчирхийлэл. Энэ хандлага, хоёр дахь үе болох Каин дүү Абелаа хөнөөснөөс эхтэй. Каины удмын нэгэн хүн илүү харгис хэрцгий, өш хонзон санадаг гэдгээрээ бахархан ярьсан бололтой! Дараагийн үе нь бүр илүү бузар муу болсон. Хүмүүс Еховагийн нэрийг дуудаж эхэлсэн ч сүсэглэн эмээсэндээ биш, доромжлон, үл хүндэтгэн дуудаж байлаа (Эхлэл 4:8, 23–26).
Ийм завхран гажуудсан шашин шүтлэг Енохын үед газар авсан байжээ. Енох өсөж том болоод нэг чухал шийдвэр гаргах болсон. Тэрбээр тухайн үеийнхээ хүмүүсийг дагаж дуурайх болов уу? Эсвэл тэнгэр газрыг бүтээсэн Еховаг хайх болов уу? Таалалд нь нийцүүлж Еховаг шүтдэгээсээ болоод амиа алдсан Абелын тухай Енох сонсоод сэтгэл хөдөлсөн нь лавтай. Енох түүнийг дуурайхаар шийдсэн. Эхлэл 5:22-т: «Енох ... Бурхантай хамт яв[ав]» гэж байдаг. Тэрбээр тухайн үеийнхээ ёс бус хүмүүсээс ялгаатай нь Бурхнаас эмээдэг байсан. Библид ийнхүү тайлбарласан анхны хүн нь Енох юм.
Энэ Библийн зүйлд, Енохыг Метусела гэдэг хүүтэй болсныхоо дараа ч Еховатай хамт алхсан гэж бичсэн. Тэгэхлээр Енох 65-тай байхдаа аль хэдийн гэр бүлтэй байсан гэж дүгнэж болохоор байна. Харин эхнэрийнх нь нэр Библид гардаггүй бас яг хэдэн хүүхэдтэй байсныг нь дурдаагүй. Енох ар гэрээ тэжээж, үр хүүхэд өсгөж хүмүүжүүлж байхдаа Бурхантай хамт алхсан юм бол тэдэндээ Бурхны тухай мэдэхэд нь тусалсан нь лавтай. Эхнэртээ үнэнч байхыг Ехова шаарддагийг тэрбээр ойлгодог байсан (Эхлэл 2:24). Хүүхдүүддээ Еховагийн тухай заахын төлөө чадах бүхнээ хийсэн биз ээ. Үр дүн нь ямар байсан бэ?
Энэ тухай Библид нарийн ширийн зүйлийг бичээгүй. Библид Енохын хүү Метуселаг хамгийн урт насалсан гэж байдаг ч итгэл үнэмшлийнх нь талаар тодорхой дурдсан зүйл байдаггүй. Метусела усан галав болдог жил нас барсан. Тэрбээр Ламех гэдэг хүүтэй байв. Ламехыг 100 гаруй настай байхад өвөг эцэг Енох нь амьд сэрүүн байжээ. Ламех итгэлээ харуулах хэмжээнд өсөж торнисон. Ехова Ламехыг ариун сүнсээрээ удирдан хүү Ноагийнх нь тухай зөгнөл хэлүүлсэн. Тэр зөгнөл нь усан галавын дараа биелжээ. Ноа элэнц өвөг Енохоо огт хараагүй ч түүнийг дуурайн Бурхантай хамт алхсан. Енох хойч үедээ арвин их өв хөрөнгө үлдээжээ. Ноа тэр өвийг эцэг Ламех, эсвэл өвөг эцэг Метусела, эсвэл өөрийг нь 366-тай байхад нас барсан хуланц эцэг Иаредаасаа авсан байж магадгүй (Эхлэл 5:25–29; 6:9; 9:1).
Енох Адам хоёр юугаараа ялгаатай байсан бэ? Адам төгс байсан ч Еховагийн эсрэг нүгэл үйлдэж үр удамдаа тэрс үзэл, гуниг зовлонг өв болгон үлдээсэн. Харин Енох төгс бус байсан ч Бурхантай хамт алхаж үр удамдаа итгэлийг өв болгож үлдээсэн. Енохыг 308 настай байхад Адам нас барсан. Амин хувиа бодсон Адамын хойноос үр удам нь гашуудсан болов уу? Үүнийг бид мэдэхгүй. Юутай ч, Енох «Бурхантай хамт явж байсан» (Эхлэл 5:24).
Та гэр бүлээ тэжээдэг бол Енохын итгэлээс юу сурч болохыг бодоорой. Гэр бүлээ тэжээх нь чухал ч Бурхантай тогтоосон харьцаанаас илүү чухал зүйл гэж байхгүй (1 Тимот 5:8). Үр хүүхдэдээ зөвхөн үг яриагаараа биш, үйл хэргээрээ үлгэр дуурайл болох хэрэгтэй. Хэрвээ та Енох шиг Бурхантай хамт алхахаар шийдвэл гэрийнхэндээ үнэлж баршгүй өв хөрөнгө буюу үлгэр дуурайл үлдээнэ.
ЕНОХ «ТЭДНИЙ ТУХАЙ ЭШ ҮЗҮҮЛСЭН»
Үнэнч Енох ёс бус хүмүүсийн дунд ганцаардаж байсан биз ээ. Түүнийг нь Ехова анзаарсан уу? Анзаарсан. Нэгэн өдөр Ехова үнэнч үйлчлэгч Енохтойгоо ярилцаж, мэдээ тунхаглах даалгавар өгчээ. Ийнхүү Енох хамгийн анхны зөнч болсон юм. Есүсийн дүү Иуда олон зууны a
дараа ариун сүнсээр удирдуулан Енохын зөгнөлийг бичсэн байдаг.Енох юуны тухай зөгнөсөн бэ? «Харагтун. Эзэн мянга мянган ариун нэгэнтэйгээ ирэв. Энэ нь бүгдийн дээр шүүх ажиллагаа явуулж, бүх бурханлаг бусчуудыг бурханлаг бус замаар үйлдсэн бүх бурханлаг бус үйлээр нь болон бурханлаг бус нүгэлтнүүдийн Түүний эсрэг ярьсан бүх хатуу үгээр нь буруутгахын тулд юм» хэмээн зөгнөсөн байдаг (Иуда 14, 15). Енох өнгөрсөн цаг дээр хэлснийг та анзаарав уу? Бурхан аль хэдийн уг зөгнөлийг биелүүлсэн юм шиг хэлсэн байна. Энэ зөгнөл дараа дараад нь бичигдсэн олон зөгнөлийн загвар болдог. Өөрөөр хэлбэл ямар нэгэн үйл явдал болно гэж зөгнөсөн л бол гарцаагүй биелнэ гэсэн үг. Тиймээс аль хэдийн биелсэн юм шиг бичсэн байна (Исаиа 46:10).
Бүх хүнд Бурхны мэдээг тунхаглана гэдэг Еноход ямар санагдсан бол? Бурхны энэ сэрэмжлүүлэг хэр жинтэй байсныг анхаараарай. «Бурханлаг бус» гэдэг үг дөрвөн удаа гардаг. Хүмүүс, тэдний үйл хэрэг, сэдэл хандлага «бурханлаг бус» байсан. Энэ зөгнөл бүх хүн төрөлхтөнд анхааруулга болдог. Адам Ева хоёрыг Еден цэцэрлэгээс хөөгдсөнөөс хойш тухайн үеийн нийгэм ихэд уруудан доройтож байгааг хэлж сануулсан. Бурхан «мянга мянган ариун нэгэн» буюу хүчирхэг тэнгэрийн элчүүдийнхээ хамт ирж энэ нийгмийг устгах байв. Енох ганцаараа Бурхны энэ сануулгыг зоригтой тунхагласан! Залуу Ламех, өвөг эцгийнхээ зоригтой байгааг хараад бахархаж байсан байх. Үнэхээр тийм бол яагаад гэдэг нь ойлгомжтой.
Енохын итгэлийн тухай бодохлоор, энэ ертөнцийг Бурхны нүдээр хардаг бил үү гэсэн асуулт бидэнд төрдөг. Енохын зориглон тунхагласан шүүх мэдээ одоо ч бидэнд хамаатай. Түүний хэлж сануулж байсан ёсоор Ехова Ноагийн үед бурханлаг бус ертөнцийг усан галаваар устгасан. Энэ нь удахгүй болох илүү том сүйрлийн үлгэр загвар юм (Матай 24:38, 39; 2 Петр 2:4–6). Өнөө үед ч Бурхан мянга мянган ариун нэгэнтэйгээ хамт бурханлаг бус ертөнцийг зөв шударгаар шүүхээр зогсож байна. Бид бүгдээрээ Енохын сануулгад нухацтай хандаж, бусдад тунхаглах хэрэгтэй. Гэр бүлийнхэн, найз нөхөд маань биднээс хөндийрч, заримдаа бид ганцаардаж магадгүй. Харин Бурхан Енохыг орхиогүйн адилаар орчин үеийн үнэнч үйлчлэгчдээ орхихгүй.
ҮХЛИЙГ ҮЗЭЛГҮЙ ӨӨР ГАЗАР АВААЧИГДСАН
Енох яаж нас эцэслэсэн бэ? Зарим талаараа, түүний үхэл амьдралаас нь илүү нууцлаг, ер бусын гэлтэй. Эхлэл номд «Енох Бурхантай хамт явж байсан ба Бурхан түүнийг авч явсан учир тэрбээр дэлхийд байсангүй» гэснээс өөр зүйл бичээгүй (Эхлэл 5:24). Бурхан Енохыг «авч явсан» гэдгийг юу гэж ойлгох вэ? Еврей 11:5-ыг Библийн зарим орчуулгад Бурхан Енохыг тэнгэрт аваачсан гэж буулгасан байдаг. Гэхдээ тийм байх учиргүй. Тэнгэрт амилсан анхны хүн нь Есүс гэж Библид бичсэн байдаг (Иохан 3:13).
Библийн өөр нэг орчуулгад Еврей 11:5-ыг Енох үхлийг үзэлгүй өөр газар аваачигдсан гэж буулгасан байдаг. Өөр газар аваачигдсан гэдэг нь юу гэсэн үг вэ? Ехова Енохыг харгис дайснуудынх нь гарт зовоолгүйгээр тайван үхүүлсэн бололтой. Гэхдээ үхэхээсээ өмнө Енох «Бурханд таалагдсан» гэсэн «гэрчлэл хүлээн авчээ». Яаж тэр вэ? Үхэхээс нь өмнөхөн Бурхан түүнд диваажин болсон дэлхийг үзэгдлээр үзүүлсэн байж магадгүй. Тэрбээр Бурхны таалалд багтсан гэдгээ баттай мэдээд үхлийн гүн нойронд автсан. Элч Паул, Енох болон үнэнч бусад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг «итгэл дотор нас барсан» гэж бичжээ (Еврей 11:13). Енохын цогцсыг дайснууд нь хайгаад олоогүй биз ээ. Учир нь цогцсыг нь хүмүүс бузарлах вий, хуурамч шашин түгээн дэлгэрүүлэхэд ашиглах вий гэсэндээ Ехова алга болгосон. b
Үүнийг бодонгоо Енохын амьдрал яаж төгссөнийг төсөөлцгөөе. Ийм юм болсон байж магадгүй гээд дараах дүр зургийг бодож үзье. Енох гүйсээр байгаад ихэд цуцжээ. Түүний тунхагласан шүүх мэдээнд хилэгнэсэн хавчигчид араас нь нэхэн хөөнө. Енох арай ядан хоргодох газар олж, хэсэг зуур амсхийж байна. Гэсэн ч энэ байдал удаан үргэлжлэхгүй бололтой. Заналт дайснууд нь тулаад ирчихсэн байв. Тэр газар хоргодож байхдаа Енох Бурхандаа залбирч байна. Тэгээд түүнийг юутай ч зүйрлэшгүй амар тайван нөмрөн авав. Енох нэгэн үзэгдэл үзэв. Үзэгдэлд гарч байгаа газраа байгаа юм шиг санагдана. Үзэгдэл нь түүнийг холын хол газар аваачлаа.
Үзэгдлээр Енох тэс ондоо ертөнцийг харж байв. Яг л үзэсгэлэнт Еден цэцэрлэг гэлтэй. Тэнд хөл хориод зогсож байдаг херубууд байсангүй. Хүмүүс нь цоо эрүүл, залуу насны эрч хүчээр дүүрэн. Тэдний дунд амар тайван ноёлж байв. Биеэрээ үзэж туулсан үзэн ядалт, хавчлага зэрэг нь огт алга. Харин Енох Еховагийн хайр, сайшаалыг мэдэрсэн нь лавтай. Энэ сайхан газар л байх ёстой юм шиг, ирээдүйд орон гэр нь болно гэдэгт итгэлтэй байв. Ийнхүү аажмаар тайвширч, нүдээ аниад гүн нойронд автлаа.
Үхлийн гүн нойронд автсан тэрбээр Еховагийн хязгааргүй ой санамжид найдвартай хадгалагдан үлдсэн. Есүсийн амласан ёсоор, Бурхны ой санамжид байгаа хүмүүс дууг нь сонсон булшнаас гарч ирээд, нүдээ нээн үзэсгэлэнтэй сайхан, амар тайван шинэ ертөнцийг харна (Иохан 5:28, 29).
Та ч бас тэнд баймаар байна уу? Енохтой уулзаад баярлаж байгаагаа төсөөл дөө. Түүнээс хэчнээн олон гайхалтай зүйлс сурах бол! Түүний амьдралын сүүлчийн өдрүүдийн талаарх бидний төсөөлөл үнэн байсан эсэхийг тэрбээр хэлж өгөх биз ээ. Гэхдээ одоо илүү яаралтай сурах хэрэгтэй зүйл бидэнд бий. Енохын тухай дурдаад Паул «итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм» гэж хэлсэн (Еврей 11:6). Бид бүгдэд Енохын эр зориг, итгэлийг дуурайх ямар их хүндтэй шалтгаан байна вэ!
a Библи судлаач зарим эрдэмтэн Иудаг Енохын ном гэдэг бүтээлээс эш татсан гэж үздэг. Гэхдээ Енохын нэрийг барьсан уг номын гарал үүсэл нь тодорхойгүй бөгөөд ер бусын явдлын тухай өгүүлдэг. Тэнд Енохын зөгнөлийн талаар үнэн зөв дурдсан хэсэг байх нь байдаг. Тэр хэсгийг эртний эх сурвалжаас авсан бололтой. Бичээс юм уу аман уламжлалын аль нэг нь байж болох тэрхүү эх сурвалж нь одоо байдаггүй. Иуда тэр эх сурвалжийг ашигласан эсвэл Енохыг тэнгэрээс харж байсан Есүсээс түүний тухай сонссон байж болох юм.
b Мосе болон Есүсийн цогцсыг ч мөн Бурхан тийнхүү хамгаалсан (Дэд хууль 34:5, 6; Лук 24:3–6; Иуда 9).