Skip to content

Гарчиг руу орох

1881 онд Сейшелийн Праслин аралд генерал Гордон өөрийнхөө «Едений цэцэрлэг»-ийг олжээ

Дэлхий диваажин болно​—Хоосон мөрөөдөл үү, эсвэл бодит амлалт уу?

Дэлхий диваажин болно​—Хоосон мөрөөдөл үү, эсвэл бодит амлалт уу?

Диваажин! Та ийм үгийг аяллын танилцуулга дээрээс харсан байх. Үзэсгэлэнт байгальтай алс холын нэг сайхан газар очоод зовлон гунигаа мартахыг уриалдаг. Харин тэр сайхан газраас гэртээ эргээд ирэхэд өнөөх л амьдрал маань угтдаг шүү дээ.

Диваажин гэдэг сайхан газар оронд байх юмсан гэж хүн болгон хүсэн тэмүүлдэг. Тэгвэл диваажин гэдэг нь зүгээр л хоосон мөрөөдөл үү? Хүмүүс яагаад тэнд байхыг хүсдэг вэ? Дэлхий диваажин болох цаг ирэх болов уу?

ДИВААЖИНГИЙН ТУХАЙ ТҮҮХЭНД

Олон зууны турш хүмүүс диваажингийн тухай ярьж хуучилсаар ирсэн. «Бурхан дорно зүгт Еденд цэцэрлэг байгуул[сан]» гэж Библид байдаг нь олон хүний сонирхлыг татдаг. Тэр цэцэрлэгийг яагаад хүмүүс тэгж их сонирхдог юм бол? «ЭЗЭН Бурхан тэнд янз бүрийн моддыг ургуулсан нь харахад үзэсгэлэнтэй, идэхэд сайхан байв» гэж байдаг. Тэрхүү цэцэрлэг үнэхээр таатай, сайхан газар байв. Хамгийн их сонирхол татсан зүйл нь уг «цэцэрлэгийн гол дунд» байсан «амин мод» юм (Эхлэл 2:8, 9).

Мөн уг цэцэрлэгээс дөрвөн мөрөн урсдаг байсан гэж «Эхлэл» номонд тэмдэглэсэн. Тигр (бас Хиддекел гэдэг), Евфрат гэсэн хоёр мөрөн өнөөг хүртэл байдаг (Эхлэл 2:10–14). Уг хоёр мөрөн эртний Персийн хэсэг байсан, одоогийн Иракаар дайран Персийн буланд цутгадаг.

Диваажин дэлхий гэдэг ойлголт Персийн соёлын үнэт өвийн нэг хэсэг юм. XVI зууны үеийн Персийн нэгэн хивсэн дээр хана хэрмээр хүрээлэгдсэн ой модтой, цэцэг навчтай цэцэрлэгийг дүрсэлсэн байдаг. Энэхүү хивс нь АНУ-ын Пеннсилвани дахь Филаделфийн урлагийн музейд бий. Персээр «хана хэрмээр хүрээлэгдсэн цэцэрлэг» гэдгийг бас «диваажин» гэж хэлдэг. Тэр хивсэн дээрх зураг Библид дүрсэлсэн Едений үзэсгэлэнт цэцэрлэгийг санагдуулдаг ажээ.

Дэлхий дахины олон хэл, соёлд диваажингийн тухай гардаг. Хүн төрөлхтөн өөр өөр газар тархан суурьшиж байх үед диваажингийн тухай анхдагч ойлголт өөрчлөгдөөгүй байсан. Харин олон зуун жил өнгөрөхийн хэрээр хүмүүс өөрсдийнхөө итгэл үнэмшил, үлгэр домогтой хольж хутгажээ. Өнөө үед хүмүүс байгалийн үзэсгэлэнт газрыг диваажин гэж хэлдэг.

ДИВААЖИНГИЙН ЭРЭЛД

Аялагчид диваажин одоо ч оршин байдаг гэж батлахыг оролдож байжээ. Жишээлбэл Английн армийн генерал, Чарлз Гордон Сейшелийн арлуудаар 1881 онд аялж байгаад, Вали Дэ Май (одоо Дэлхийн өвд бүртгэгдсэн) гэдэг үзэсгэлэнт газрыг хараад биширч Едений цэцэрлэг гэж хэлсэн байна. XV зуунд Италийн аялагч Христофер Колумб одоогийн Бүгд Найрамдах Доминикан болон Гайти улс оршдог Хиспаниола аралд буудаллахдаа Едений цэцэрлэгийг дахин олоход тун ойрхон байлаа гэж боджээ.

Нэгэн түүхийн номонд 190 гаруй эртний газрын зураг бий («Mapping Paradise»). Үүнд Адам Ева хоёрыг Едений цэцэрлэгт байгаагаар дүрсэлсэн газрын зураг олон байв. Энэ номонд Байтус Лиебанагийн гар бичмэлийн XIII зууны хуулбараас авсан ховор нандин газрын зураг бас бий. Тэрхүү зурагны дээд талын жижигхэн тэгш өнцөгт дотор диваажинг дүрсэлсэн байдаг. Бас Тигр, Евфрат, Пишон, Гихон нэртэй дөрвөн мөрөн дөрвөн зүгт нь урсаж байгаагаар дүрсэлсэн нь Христийн шашин дэлхийн өнцөг булан бүрд тархсаныг илэрхийлсэн бололтой. Диваажин анх хаана байсныг мэдэх хүн байхгүй ч энэ тухай олон зууны турш яригдсан нь хүн тийм сайхан газар байхыг хүсдэгийг харуулдаг.

XVII зууны үеийн Английн яруу найрагч Жон Милтон «Диваажин алдагдсан нь» найраглалаараа алдартай. Уг найраглалыг нүгэл үйлдсэн Адам Еденээс хөөгдсөн тухай өгүүлдэг «Эхлэл» номоос сэдэвлэсэн. Үүндээ Милтон, дэлхий дээр мөнх амьдрах боломж хүн төрөлхтөнд дахин олдохыг онцолж «тэгээд дэлхий дахинаа диваажин болно» гэж бичжээ. Хожим нь Милтон үргэлжлэл болгон «Диваажинг дахин олж авсан нь» гэсэн найраглал бичжээ.

ӨӨР ЗҮЙЛИЙГ АНХААРАХ БОЛЖЭЭ

Диваажин алдагдсан тухай хүмүүс түүхийн аль ч үед ярьсаар ирсэн. Харин одоо яагаад үл ойшоодог вэ? Дээр дурдсан түүхийн номонд «шашин судлаачид .... диваажинг хаана байдгийг огт анхаардаггүй болсон» гэжээ («Mapping Paradise»).

Сүмд явдаг хүмүүсийн ихэнх нь сайн хүн дэлхий дээрх диваажинд биш, тэнгэрт амьдарна гэж заалгадаг. Гэтэл Библид, Дуулал 37:29-д «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» гэсэн байдаг. Тэгвэл диваажин гэж хэлэхэд хэцүү дэлхийг маань диваажин болно гэж найдах үндэс байна уу? *

ДЭЛХИЙ ДИВААЖИН БОЛНО

Хамгийн анх диваажинг бүтээсэн Ехова Бурхан диваажинг сэргээнэ гэж амладаг. Яаж сэргээх вэ? Есүс: «Таны Хаант төр захираасай. Таны хүсэл таалал тэнгэрт биелж байгаа шигээ дэлхий дээр биелээсэй» хэмээн залбирахыг захисан (Матай 6:10). Есүс тэргүүтэй засгийн газар хүний бүх засгийн газрыг халж, дэлхийг захирна (Даниел 2:44). Тэгээд Бурхны хүсэл тааллын дагуу дэлхийг диваажин болгоно.

Эрт үед зөнч Исаиа Бурхнаар удирдуулан улс үндэстэн хоорондын тэмцэл мөргөлдөөн, хурц асуудал гэж байхгүй диваажингийн тухай бичжээ (Исаиа 11:6–9; 35:5–7; 65:21–23). Та хэдхэн минут гаргаад, эдгээр зүйлийг Библиэсээ уншаарай. Ингэвэл, дуулгавартай хүн төрөлхтнийг Бурхан ивээнэ гэдэгт бат итгэнэ. Ирээдүйд хүмүүс Адамын алдсан диваажинд амьдарч, Бурхны сайшаалыг хүлээнэ (Илчлэл 21:3).

Дэлхий үнэхээр диваажин болно гэдэгт бид яагаад итгэж болох вэ? «Тэнгэрүүд бол ЭЗЭНий тэнгэрүүд билээ, Харин газар дэлхийг Тэрээр хүний хөвгүүдэд өгсөн» гэж Библид байдаг. Дэлхий диваажин болно гэдэгт итгэж болно. Учир нь «энэ найдварыг худал хэлдэггүй Бурхан өнө эртнээс өгсөн» (Дуулал 115:16; Тит 1:2). Хүн төрөлхтөн үүрд диваажинд амьдарна гэж Библид бичжээ. Ямар сайхан ирээдүй вэ!

^ Сонирхолтой нь Коран судрын 21-р сура [бүлэг] 105-р зүйлд, Ал-Анбияа [зөнч] «Надад үйлчилдэг хүмүүсийн дотроос зөвийг үйлддэг нь дэлхийг өвлөх болно» гэж бичсэн байдаг.