Skip to content

Гарчиг руу орох

БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ

«Би одоо жинхэнэ эрх чөлөөг олсон»

«Би одоо жинхэнэ эрх чөлөөг олсон»
  • ТӨРСӨН ОН: 1981

  • УЛС: АНУ

  • ӨМНӨ НЬ: САМУУН ХҮҮ

ӨМНӨХ АМЬДРАЛ:

Би АНУ-ын Баруун Виржиниагийн хойд хэсгээр урсдаг Охайо гол дагуух Маундсвил гэдэг нам гүмхэн хотод дөрвөн хүүхэдтэй айлын 2 дахь нь болж төрсөн юм. Бид дөрвийн 3 нь хүү байсан болохлоор нэлээд бужигнуулдаг байлаа. Эцэг эх маань их хөдөлмөрч, хүний төлөө явдаг, үнэнч шударга хүмүүс байсан. Манайх баян чинээлэг биш ч бид дутагдаж гачигдахын зовлонгүй өссөн. Аав ээж хоёр Библийн зарчмыг бага балчраас маань бидний зүрх сэтгэлд шингээх гэж мэрийсэн Еховагийн Гэрч хүмүүс л дээ.

Гэвч би өсвөр насандаа, эцэг эхийнхээ заасан бүхнээс холдож эхэлсэн. Библийн зарчмыг баримталлаа гээд утга учиртай, сэтгэл хангалуун амьдрах уу гэдэг бодол толгойд эргэлдэх болов. Туйлын эрх чөлөөг эдэлж байж л жинхэнэ аз жаргалд хүрнэ гэж боддог боллоо. Удалгүй Еховагийн Гэрчүүдийн цуглаанд очихоо болилоо. Тэгтэл ах, охин дүү хоёр маань намайг дууриан, дуулгаваргүй загнадаг болсон юм. Аав ээж биднийг ухааруулах гэж их оролдсон ч бид өөрсдийнхөөрөө явсан.

Тэгж их хүсэж дурлаад байсан эрх чөлөөгөө олоод мансууруулах бодисын боолчлолд орохоо тэр үед даанч мэдэлгүй явж. Нэг удаа хичээлээ тараад явж байтал найз минь тааралдаж, надад тамхи өгөв. Би аваад татчихав. Ганц тамхи авсан минь олон муу зуршилд дийлдэхийн эхлэл болсон. Яваандаа архинд орж, мансууруулах бодис хэрэглэж, садар самуун үйлддэг болов. Хэдхэн жилийн дотор илүү хүчтэй, олон янзын мансууруулах бодис хэрэглээд үзчихсэн, заримд нь бүр донтсон байлаа. Ингээд миний амьдралын өртөг өндөрсөхийн хэрээр би өөрөө хар тамхи наймаалдаг болов.

Мөс чанарынхаа өвдөхийг тоохгүй байя гэсэн ч буруу замаар явж байгааг мөс чанар минь байнга сануулдаг байв. Би ч өөрийгөө өнгөрсөн хүн гэж бодох боллоо. Үдэшлэгт явах, концерт үзэх зэргээр олны дунд ордог ч сэтгэлийнхээ гүнд ганцаардаж, гутардаг байв. Эцэг эх маань сайн, төлөв түвшин хүмүүс байхад би гэж хүн яахлаараа ийм болчихдог байна аа гэж заримдаа гайхдаг байлаа.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН:

Би өөрийгөө засрахаасаа өнгөрсөн гэж бодож байсан ч бусад хүн тэгж бодоогүй юм билээ. 2000 онд аав ээж хоёр намайг Еховагийн Гэрчүүдийн мужийн чуулганд урихад нь би дурамжхан байсан ч очлоо. Тэгтэл үнэний замаас холдсон ах, охин дүү хоёр минь ч бас тэр чуулганд очжээ!

Чуулганд сууж байтал тэр газар жил орчмын өмнө рок хөгжмийн концерт үзсэн минь санаанд орсон юм. Яг нэг ижил газар хэр нь ямар эрс ялгаатай арга хэмжээ болдгийг бодоод сэтгэл ихэд хөдөлсөн. Концертын үеэр тэр газар хогонд дарагдаж, тамхины утаагаар дүүрсэн байж билээ. Үзэгчид нь хүйтэн хөндий, дуу хуур нь ч олиггүй, гутранги өнгө аястай байсан юм. Харин чуулганд суусан хүмүүс жинхэнэ ёсоор жаргалтай хүмүүс байв. Олон жил уулзаагүй хүмүүс ч намайг халуун дотноор хүлээн авсан. Бас чуулганы үеэр тэр газар цэвэрхэн, хүмүүст хүргэж байсан мэдээ нь итгэл найдвар төрүүлэхээр байв. Библийн үнэн сайнаар нөлөөлдгийг ухаараад ийм сайхан юмыг орхисноо гайхаж билээ! (Исаиа 48:17, 18).

«Би Библийн ачаар мансууруулах бодис хэрэглэхээ, наймаалахаа больж, нийгэмд хэрэгтэй хүн болсон»

Чуулганы дараагаас л Еховагийн Гэрчүүдийн цуглаанд дахин явахаар шийдэв. Ах дүү хоёр минь ч чуулганд суусныхаа ачаар бас тэгж шийдсэн байлаа. Ингээд гурвуулаа дор бүрнээ Библийн хичээл хийж эхэлсэн юм.

Сэтгэлийн минь гүнд хүрсэн Библийн зүйл бол «Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно» гэж байдаг Иаков 4:8 юм. Бурхантай дотно харьцаа тогтооё гэвэл амьдралаа өөрчлөх хэрэгтэйг ухаарав. Архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх гэх мэтийн муу зуршлаа хаях хэрэгтэй байлаа (2 Коринт 7:1).

Хуучин найз нөхдөөсөө холбоогоо тасалж, Еховад үйлчилдэг хүмүүстэй нөхөрлөх боллоо. Надад Библийн хичээл заадаг байсан ахлагч их тусалж байв. Утсаар тогтмол ярьдаг, гэрээр маань ороод гардаг байлаа. Одоо тэр хүн миний дотны анд болсон.

Би Еховад өөрийгөө зориулснаа бэлгэдэн харуулж 2001 оны хавар баптисм хүртсэн юм. Ах, охин дүү хоёр маань ч баптисм хүртсэн. Еховад өнөөг хүртэл үнэнч яваа аав, ээж, эрэгтэй дүү маань гэр бүлээрээ Еховаг шүтэх болсондоо ямар их баярласан гээч!

ОДОО:

Өмнө нь би Библийн зарчим хүний эрх чөлөөг боогдуулдаг гэж боддог байсан бол одоо хамгийн найдвартай хамгаалалт болдгийг ойлгосон. Би Библийн ачаар мансууруулах бодис хэрэглэхээ, наймаалахаа больж, нийгэмд хэрэгтэй хүн болсон.

Еховагийн үйлчлэгчдийн дэлхий дахины ахан дүүгийн барилдлагад багтсан минь үнэхээр завшаантай хэрэг. Еховаг шүтдэг хүмүүс бие биеэ хайрлаж, эв эеийг эрхэмлэдэг (Иохан 13:34, 35). Энэ хүмүүсийн дундаас миний олсон ховор эрдэнэ бол гэргий Адрэн минь юм. Хайр, хүндэтгэлийг минь хүлээсэн ханьтайгаа цуг Бүтээгчдээ үйлчлэх нь асар их баяр баясал авчирдаг.

Одоо би урьдынх шигээ амиа бодож амьдрахаа болиод хүмүүсийг Библийн мэдлэг эзэмшиж, ач тусыг хүртэхэд нь туслах ажлыг сайн дураараа, бүрэн цагаар хийж явна. Энэ ажлаасаа хамгийн их таашаал авдаг. Библи намайг өөрчилсөн гэж би бат итгэлтэй хэлнэ. Би одоо жинхэнэ эрх чөлөөг олсон.