Skip to content

Гарчиг руу орох

ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?

Нүд баясгаж сэтгэл сэргээм чуулган

Нүд баясгаж сэтгэл сэргээм чуулган

2024 ОНЫ 7 САРЫН 1

 Орчин үеийн Еховагийн Гэрчүүд 130-аад жилийн тэртээгээс жил бүр хамтдаа чуулж ирсэн. Манай чуулганы хөтөлбөрт 40 гаруй илтгэлээс гадна дуу хөгжим, ярилцлага, видео багтдаг. Үзэж сонсох зүйл нь ойлгомжтой сонсогдож, тод сайхан харагдаж байж л чуулганд хүрэлцэн ирсэн хүмүүс бүрэн дүүрэн ач тус хүртэж, урам зориг нэмнэ (Лу 2:20). Газар газрын хүмүүс чуулганаас ач тус хүртэхэд нь та бүхний өргөсөн хандив хэрхэн зарцуулагддаг юм бол?

Чуулган хийх газартаа аудио видео төхөөрөмж суурилуулдаг

 Барууны орнуудын ихэнх цэнгэлдэх хүрээлэн болон танхимууд нь аудио видео төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг. Хэдий тийм ч бид түрээсэлж буй танхимдаа өөрсдийн тоног төхөөрөмжийг зөөж аваачин хэрэглэдэг. Учир юу вэ? Байгууллагын төв дэх нэвтрүүлэг хариуцсан хэлтсийн ажилтан Дэйвид: «Манай түрээсэлдэг газруудаас цөөн хэд нь л зургаагаас дээш цагаар хурал илтгэл сонсоход зориулагдсан төхөөрөмжтэй байдаг. Харин спортын тэмцээн болдог газрууд нь зөвхөн богино хэмжээний хөгжим зарлалыг сонсохуйц хэмжээний л төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг. Дэлгэц нь тоглолтын оноо юм уу зар сурталчилгаа, тэмцээний эгзэгтэй агшныг дахин тоглуулахад л зориулагдсан байх жишээний. Харин бид, тайзнаас илтгэгчийн үг бүр тод сонсогдохоор байхыг, урт хэмжээний видео юм уу кино үзэхэд тохиромжтой байхыг чухалчилдаг» хэмээн ярьжээ.

 Танхим бүр өөр өөр учраас тухайн газарт аудио видео төхөөрөмжөө тааруулж тохируулах шаардлагатай. Чуулган хийх газраа сонгочихвол тухайн салбарын нэвтрүүлэг хариуцсан хэлтсийнхэн танхимын багтаамж, ирэх хүмүүсийн тоо зэргийг багцаалан тооцоолж, хаана хаана суудал гаргахаа тогтоодог. Нарийн тооцоолон үзсэний эцэст өсгөгч, дэлгэц гэх мэтийг хаана байрлуулахаа шийдэн бүдүүвч зураг гаргаж хэрхэн холбохоо тодорхойлдог. Тэгээд бүх хүнд сонсогдохуйц байлгах үүднээс хэрэг болох төхөөрөмжийн жагсаалт гаргадаг.

Салбар дахь нэвтрүүлэг хариуцсан хэлтсийнхэн төлөвлөгөөнийхөө дагуу шаргуу ажиллаж байна.

 Чуулганы хөтөлбөр олон хэл дээр явагдаж байгаа бол аудио видео төхөөрөмжөө суурилуулахад илүү ажиллагаа шаардагддаг. Хөтөлбөрийг өөр өөр хэлээр зэрэг үзүүлж байгаа бол аудио видеог эхлээд орчуулагчдад дамжуулна. Үүний дараа орчуулагчид хөтөлбөрийг тухайн хэлээр радиогийн тусгай сувгаар хүргэдэг. Тусгай программын ачаар дэлгэцээр гарч буй видеог нэгэн зэрэг найман өөр хэлээр үзэх боломжтой. Дэйвид: «Энэ программ нарийн төвөгтэй тул үүнийг ажиллуулах хүмүүст дахин дахин сургалт явуулдаг» гэжээ.

 Жил болгон хэрэглэгддэг аудио видео төхөөрөмж ихэнх салбарт байдаг. Аль чуулган руу ямар төхөөрөмж явуулахыг салбар зохицуулдаг. Зөвхөн Америк дахь салбарт л гэхэд тоног төхөөрөмжийг зөөж тээвэрлэхэд жил бүр 200 000 ам.доллар зарцуулдаг байна. Энэ нь засвар хийж шинийг авахтай харьцуулбал хавьгүй бага зардал юм. Канад дахь чуулганы аудио видеог хариуцах ажилд оролцсон Стивен: «Манайхан төхөөрөмжийнхөө эрэг шураг, боолт, залгуур гээд бүгдийг нь нэг бүрчлэн тоолж, дараагийн чуулганд хэрэглэхэд бэлэн болгон боож хайрцагладаг» гэж дурджээ.

Худалдан авах ба засаж сэлбэх

 Аудио видеоны төхөөрөмж түрээслэхэд өртөг өндөр мөртлөө чанар муутай, засвар үйлчилгээ бараг хийгдээгүй байх нь бий. Тийм учраас шаардлагатай зүйлсээ худалдаж авдаг. Өнөөдрийн байдлаар тавыг харьцах гурван метрийн хэмжээтэй LED дэлгэц 24 000 ам.долларын үнэтэй байна. Микрофоны 15 метрийн урттай ганцхан утас гэхэд л 20 ам.доллар орчим байдаг. Тиймээс тоног төхөөрөмж худалдан авахаасаа өмнө байгууллагын нэвтрүүлэг болон худалдан авалт хариуцсан хэлтсийнхэн зардлыг тооцон гаргадаг (Лу 14:28). Жишээ нь тухайн зүйлийг худалдан авлаа гэхэд хэдэн хүн ач тус хүртэх вэ? Шинээр авах зайлшгүй шаардлагатай юу? Хадгалж агуулах газар бий юү? Мөн засаж янзлах сургагдсан хүмүүс, багаж сэлбэг байгаа билүү гэдгийг нягталж үздэг.

 Тоног төхөөрөмжийн эдэлгээг уртасгаж хандивын мөнгийг хэмнэх үүднээс байнга засвар хийдэг. Эвдэрч гэмтэхээс нь сэргийлж бат бөх хайрцаг саванд хийж тээвэрлэдэг. Шаардлагатай бол хайрцаг савыг нь ч засаж сэлбэнэ.

Тоног төхөөрөмжийг засах нь эдэлгээг уртасгадаг.

Сайн гэрчлэл, сайхан хөтөлбөр

 Гаднын байгууллагынхан манай чуулганы хөтөлбөрийн дуу дүрсний чанарыг гайхан шагширдаг. Мэдээний томоохон сувгийн нэгэн ажилтан манай байгууллагын гаргадаг контентын чанарыг ихэд сайшаажээ. «Чуулганы дуу дүрсний төхөөрөмжийг суурилуулдаг ажилчид бүгд сайн дурынхан бас мэргэжлийн бус гэдгийг мэдээд тэрээр маш их гайхсан. Бидний нэг өдөр хагасын дотор хийдэг ажлыг тэдний компани таван өдөр зарцуулж байж хийдэг гэсэн» гэж аудио видеоны тасагт ажилладаг Жонатан ярьжээ. Бас түрээсийн танхимын нэг менежер: «Би аудио видеоны мэргэжилтнүүдтэй бишгүй л ажиллаж байлаа. Гэхдээ ингэж мэргэжлийн өндөр түвшинд ажилладаг хүмүүстэй таарч байсангүй» гэж хэлсэн байна.

Ахан дүүс маань баяртайгаар чуулж байна.

 Чуулганы хөтөлбөр дуу дүрсний хувьд чанар сайтай байх нь ямар ач тустай вэ? Англид амьдардаг Дэйвидын хэлсэнтэй та санал нийлэх байх. Тэрээр: «Би 88 настай. Насаараа л чуулганд очлоо. Гэхдээ сүүлийн үед дуу чимээ их сайхан тод сонсогдох болжээ. Анхаарал сарниулах ч юм алга. Олон сайхан видео үзээд суухлаар хөтөлбөр нэг л мэдэхэд дуусчихсан байдаг юм. Бүр илүү сонирхолтой, ойлгомжтой болж, хоорондын уялдаатай холбоо нь ч нарийсжээ» гэсэн юм. Нигерид амьдардаг Майкл: «Илтгэгчийн яриа тод сонсогдож видео сайн харагддаг болохоор ах дүүс маань хөтөлбөрт анхаарлаа бүрэн төвлөрүүлж уйдах завдалгүй сонсдог» гэжээ.

 Энэ жилийн «Сайн мэдээ тунхаглагтун» чуулганд суухдаа, бүх хөтөлбөрийг тод сайхан сонсгож харуулахын тулд ард нь ямар их ажил хийгддэгийг та бодоод нэг үзээрэй. donate.mt1130.com сайтаар болон бусад хэлбэрээр хандив өргөдөг та бүхэндээ бид гүнээ талархдаг. Та бүхний маань хандивын ачаар энэ бүх ажил явагддаг юм шүү. Баярлалаа.